БЗД-т гүний ус айл өрхийг усанд автуулсаныг шийдвэрлэв
БЗД-ийн шуурхай штабт 23 дугаар хорооны 2 дугаар хэсгийн айл өрхүүд усанд автаж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн албан хаагчид болон бусад албаны хүмүүс шуурхай ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдвэрлэлээ.
Тодруулбал, авто замын гүүрэн гарцын доод хэсэгт ус хөлдөж урсгал хааснаас ойр орчмын айл өрхүүд усанд автах нөхцөл үүссэн байсан тул инженер техникийн 18 ажилтан, 3 экскаватор, 1 хово, 2 ковш, 1 старекс зэрэг техник, хүн хүчийг ажиллуулж нийтдээ 650 метр газар шуудуу татаж, далан босгох ажлыг зохион байгууллаа.
Мөн Газар зохион байгуулалтын албыг тухайн хэсгийн айл өрхийн газар эзэмшлийн байдлыг судалж судалгаа гаргах, зөвшөөрөлгүй айл өрхүүдэд шаардах хуудас өгөх, шинээр суурьшлын бүсийг тодорхойлж зураглал гаргаж өгөх болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст цаашид авах оновчтой арга хэмжээг судалж танилцуулах үүрэг даалгавар өглөө.
Эдгээр хийгдсэн ажилд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын албан хаагчид газар дээр нь үзлэг шалгалт хийж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хамтран 400 метр газар шуудуу татан, далан босгох ажлыг хийж гүйцэтгэлээ.