А.Энхжин: ЖДҮ-д 300 сая, Уул уурхайн бус салбарынхан 1тэрбумын зээл авах боломж бүрдсэн
Монголбанкнаас уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилтийг шийдвэрлэж, арилжааны банкуудад шинэ зээл олгох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-Монголбанкнаас экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд эх үүсвэр гаргаж, банкуудаар дамжуулан шинэ зээл олгох шийдвэрийг гаргасан. Энэ зээлийг яг хэн авах боломжтой вэ?
-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны есдүгээр сарын хурлаар уул уурхайн бус экспорт, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаатай санхүүжилт банкуудад олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээ нь харьцангуй урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох боломжийг банкуудад олгож байгаа юм. Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээг Мөнгөний бодлогын хороо улирал бүр тогтооно. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор батлаад байна.
-Ямар шалгуур, шаардлага хангасан зээлдэгчдэд хамгийн дээд тал нь хэдий хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ?
-Монголбанкнаас тогтоосон ерөнхий шалгуур зээлдэгчдэд тавигдана. Энэ нь зээл хүсэгчийн зээлийн үлдэгдэл хугацаа хоёр жилээс багагүй байх, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой байх, чанаргүй зээлгүй байх, зээлийн төлбөрөө төлөх чадвартай байх гэх мэт шаардлагууд тавигдаж байгаа. Зээлийн хэмжээний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхай бус салбарын зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон. Банк мөн нэмэлтээр өөрийн шалгуураа тавьж болно.
-Хугацаа болон хүүгийн хувьд ямар байх вэ?
-Банкнаас олгох зээл хоёр жилээс дээш хугацаатай, Монголбанкны бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй хүүтэй байна. Жишээлбэл, Монголбанкны бодлогын хүү 6 хувь байгаа нөхцөлд банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байх юм. Мөн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаар чөлөөлөгдөх боломжтой.
-2020 оны дөрөвдүгээр улирлын санхүүжилтийн эх үүсвэрийг 230 тэрбум төгрөг гэж баталсан байна. Цаашдаа улирал бүр энэ дүнг нэмэгдүүлэх үү?
-Мөнгөний бодлогын хороо 2020 оны 4 дүгээр улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 230 тэрбум төгрөгөөр тогтоосон. Цаашид эдийн засгийн төлөв, иргэд аж ахуйн нэгжийн санхүүгийн нөхцөлийг харгалзан санхүүжилтийн хэмжээг улирал бүр тогтооно.
-Нэг улиралд хэчнээн аж ахуйн нэгжийн үйлдвэр үйлчилгээг дэмжиж, эдийн засагт бодитой ямар үр дүн гарах бол?
-Монголбанк аль болох олон аж ахуйн нэгжийг энэхүү арга хэмжээнд хамруулахыг зорьж байна. Иймд санхүүжилтээр олгогдох зээлийн дээд хязгаарыг тогтоосон байгаа. Тэгэхээр зээлийн дээд хэмжээ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд 1 тэрбум төгрөг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбараар тооцвол 2020 оны 4 дүгээр улиралд хамгийн багадаа 750 гаруй аж ахуйн нэгж уг арга хэмжээнд хамрагдах боломжтой.
-Хөнгөлөлттэй зээл олгоно гэхээр танил тал, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд хамрагддаг тохиолдол гарсан. Энэ зээл олголт дээр ийм эрсдэл гаргахаас хэрхэн сэргийлж байгаа вэ?
-Үүнээс сэргийлэх зорилгоор Монголбанк уг арга хэмжээг олон нийтэд нээлттэй, ил тод хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Монголбанкнаас гаргасан бодлогын шийдвэрийн талаар хэвлэлийн хурал, мэдээ, мэдэгдэл гаргах хэлбэрээр ил тод нээлттэй мэдээлэх болно. Мөн Монголбанк хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд арга хэмжээний хэрэгжилтийн талаар банкуудад хяналт тавьж ажиллана.
-Цар тахлын үед олон аж ахуйн нэгж сул зогсож, их хэмжээний алдагдал хүлээж байна. Ийм алдагдал хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах, дэмжлэг хүсэх боломж бий юу?
-Монголбанкнаас банкуудад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа харилцагчийг зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас дээш хугацаагаар чөлөөлөх, зээлийн хүү бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй байх шаардлага тавьж байгаа. Ингэснээр цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаанд нь хүндрэл үүссэн аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн дарамт буурах, цар тахлыг хүндрэл багатай давахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
-Зээлийг ямар банкуудаар дамжуулан олгох юм бэ?
-Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгоод байна. Эдгээр банкууд зээл олгох боломжтой болсон гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк