ЯрилцлагаЭдийн засагОнцлохШинэ мэдээ

Д.Даваасамбуу: Зээлийн хүүг бууруулж бусдын боломжийг хааж болохгүй

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Сангийн сайд асан Д.Даваасамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2021 оны Төсвийн тухай хуулийг УИХ баталлаа. Цар тахлын онцгой нөхцөлд батлагдсан энэ хууль ямар болсон талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Гадаад дотоод орчин нэн тодорхойгүй байгаа өнөө үед төсвийг сайн муу гэж хэлэх боломж хомс байна. Гэхдээ том утгаар нь авч үзвэл 2021 оны төсөв, санхүүгийн бодлогыг төр засаг зөв тодорхойлсон гэж бодож байна. Сонгууль бүрийн дараа, эсвэл засаг солигдох бүрд үл үзэгдэх цөөхөн хувиа хичээгчдийн үйлдэл, өнөө маргаашийн явцуу ашиг сонирхлоос үүдэлтэйгээр 10 гаруй жил гацаанд ордог байсан. Урт хугацааны туршид эдийн засгийг дэмжих томоохон төслүүдийг үргэлжлүүлэх болсонд сэтгэл хангалуун байна. Ганц жишээ дурдахад Тавантолгойн нүүрсний ордоос нүүрсийг хил рүү, мөн эх орны хэрэглэгчдэд хүргэх хоёр чиглэлийн төмөр замын санхүүжилт шийдэгдсэн гэж ойлгож байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нүүрсний орлогоос ойролцоогоор 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх валютын хэмнэлт гарч, шороо тоос, хөрсний эвдрэл багасч, байгаль орчинд ээлтэй орчин бүрдэнэ. Мөн Тавантолгойн ордыг түшиглэж, цахилгаан станц барих ажлыг 2021 онд эхлүүлэх болсон. Энэ бол бас л их наяд шахам төгрөгтэй тэнцэх импортын цахилгааны хэмнэлт гарч, дотооддоо ажлын байр нэмэгдэнэ.  Мөн цар тахлын үед төсөв болон төрийн өмчийн байгууллагуудын хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг эхний ээлжинд эх орны  үйлвэрүүдээс авахаар болж байна. Мөн УИХ-аас хувийн хэвшил, экспортын болон валют хэмнэх үйлдвэрлэл, үйлчилгээг мөнгө, сангийн бодлогоор дэмжиж ажиллахыг Засгийн газар, Монголбанканд даалгасан шийдвэр гарсан. Эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.

-Гэвч энэ хуульд бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Үнэхээр хуульд үрэлгэн зардлын шүүсийг нь шахаж чадаагүй хэрэг үү?

-Миний хувьд энэ хоригийн үндэслэл шалтгааныг хараагүй. Буруу зөрүү зарим нэгэн зүйл байвал юуны төлөө байнгын ажиллагаатай их хурал-парламенттэй билээ, дор бүр нь засаад явах боломж нь бий. Төсвийн аливаа зардал арга хэмжээ тухайн санаачлагч, захиалагчийн өнцгөөс авч үзвэл “хэрэггүй” гэж үзэгдэхгүй, тайлбар, шалтгаан хэлнэ. Гагцхүү төсөл арга хэмжээг зөв эрэмбэлж, байгаа нөөц бололцооныхоо дотор төсвөө зохиож баталдаг соёлд суралцах нь манай нийгмийн өнөөгийн хамгийн тулгамдсан зорилт гэдгийг нийгмээрээ ойлгож эхэлж байгаа. Төсвөө байнга алдагдалтай болгож, гадаадаас зээл авч, төр засаг, ард түмнээ өрийн дарамтад оруулж, төрийн бодлогыг бие даан явуулах боломжийг хязгаарлаж байгаад асуудлын учир оршино.

-Банкны зээлийн хүүг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Гэхдээ ё энэ нь иргэд, аж ахуйн нэгжид тус болох шийдвэр биш, зээлийн хүүг бууруулах, бүр цаашилбал тэглэх ёстой гэж үзэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Чоно борооноор гэдэг шиг нийтийн сангийн хөрөнгөөр хувийн нэр хүндийг өргөх, эсвэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, сайн хүн болж тоглож хэн нэгэнд бялдуучлах гэсэн оролдлого зарим “сэхээт”-ний дунд хааяа гардгийг ихэнх сонгогчид мэддэг болж байна. Асуудалд бодитой, боломжийн өнцгөөс нь харж шийддэг төр засгийн нүд хараа бий байх аа.  

Тийм ээ, нийтийн сан буюу улс орны төсвийг ажил орлоготой хувь хүмүүс, аж ахуйн байгууллагын татвараар бүрдүүлдэг болохоор тэднийгээ эхний ээлжинд харж үзэж, ажилтай байлгахад боломжоороо туслах нь зөв өө. Иймээс төр засаг улс даяараа, монгол түмэн бүгдээрээ  юуны түрүүнд 2021 он гарахаас  өмнө цар тахлын тархалтыг хяналтад авч, ядахдаа хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, мал аж ахуй, цахилгаан дулаан, бензин шатахуун, зам тээвэр, гадаад худалдаа зэргийг хэвийн ажиллуулах боломжийг хангахыг хичээж байцгаана. Үүний зэрэгцээ гааль, татвар, хураамжаас чөлөөлөх хөнгөлөх, амин чухал барааны хангамжийг тасалдуулахгүй байх, зарим халамж, тэтгэлгийг цаг алдалгүй олгох, нийгмийн эмзэг хэсгийн амьдралыг хяналтад авах, хувийн хэвшилд хүрэх зээл болон бусад мөнгөний боломжийг нэмэгдүүлэх, таны асууж буй зээлийн дарамтыг хөнгөвчлөх зэргээр цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх арга хэмжээг Засгийн газар, банк, санхүүгийн байгууллагаас авч байна. Гэхдээ эдгээрийг хуулийн болон мөнгө төгрөгийн боломжийн хүрээнд хэрэгжүүлж байх шиг байна. Ипотек-орон сууцны зэрэг зээлээс улсын төсөв, Монголбанкны эх үүсвэрээр санхүүжигдсэн хэсгийн үндсэн ба хүүгийн төлбөрийг УИХ, Засгийн газрын шийдвэрээр хөл хорионы үед хойшлуулж байна. Нийтийн мөнгийг нэг хэсэгт давуу эрх олгох хэлбэрээр буюу таны асууж байгаа шиг чөлөөлж, зээлийн эх үүсвэргүй болгон улмаар дараагийн зээл авах иргэд,  залуусын боломжийг хааж болохгүй байх аа. Үндсэн хуулиар иргэдийг ялгаварлаж болохгүй ээ. 

Валютын ханш, юмны үнэ инфляци тогтвортой байвал хүү эх үүсвэр талаасаа ч зээл талаасаа ч буурах хүлээлт бий, шахалт ч байна.

-Хадгаламжийн хүү ч үүнийг дагаад тодорхой хугацаанд тэглэх ёстой гэж УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдлээ. Гэхдээ энэ нь иргэн, аж ахуйн нэгж хэнбугай ч банктай байгуулсан гэрээнд хѳндлѳнгѳѳс оролцож, нѳхцлийг ѳѳрчлѳх эрх одоогийн хуулиар хэнд ч байхгүй гэж байна?

-Мөнгө талаасаа хууль, хууль тогтоогчдын үндсэн зорилт бол хувь хүмүүс, аж ахуй, байгууллага, төр засгийн мөнгийг эрсдэлд оруулахгүйгээр хуулийн хамгаалалт бүрдүүлэхэд оршдог гэдгийг миний бие Дэлхийн санхүүгийн хамгийн том төв Лондонд ажиллаж байхдаа ойлгож эхэлсэн шүү. Хадгаламж, харилцах данс авч хөтөлдөг банк, хувьцаа гаргаж, ашиг амлаж мөнгө босгодог хувьцаат компани, эд хөрөнгийг чинь гал усны зэрэг аюул, аваар ослоос хамгаалж хураамж авдаг даатгал, гишүүдийнхээ мөнгө цуглуулан үржүүлдэг хадгаламж зээлийн хоршоод зэрэг хувь хүмүүс, хуулийн этгээдийн мөнгөөр бизнес-зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг зайлшгүй тусгайлсан хуулиар зохицуулж, иргэд, байгууллагын мөнгө хөрөнгийг үрэн таран хийхээс урьдчилан сэргийлдэг юм билээ. Иймээс таны ярьсанчлан хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэгтэй санал нэг байна. Сүүлийн үед манайд харин эсрэгээрээ нийтийн сан, хувь хүмүүсийн мөнгө үржүүлэгчдийг зарим улстөрчдөөс, сонгуулийн амлалтаас  хамгаалах шаардлага гарч буй гэлтэй. “Улстөр хийнэ” гэдгийг бид заримдаа улс орны амин эрх ашгийг бодож алсын хараатай ажиллана гэдэг сонгомол утгаар нь биш “хошгоруулах”, мөнгө амлах гэдгээр нь ашиглах гээд байна. Энийгээ энэ хүнд үед больчих юмсан. Сонгогчид ч ялгадаг болж байна даа. Их ч шүүмжилдэг болжээ.

Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулж 6 хувь болголоо. Түүхэнд байгаагүй энэ шийдвэрийн үр дагавар ямар байх бол?

-Энэ өнөө үед маш чухал шийдвэр. Монголбанкнаас эдийн засагт нийлүүлэх эх үүсвэрүүдийн төрлүүдийг өргөжүүлж, нэмэгдүүлж байгаа. 

Бизнес, экспортыг голчлон дэмжихэд зориулж Монголбанкнаас 250-аад тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад гаргахдаа дээрх 6 хувийг суурь болгоно. Ингэснээр хямд эх үүсвэр арилжааны банкуудад нийлүүлэгдэж, улмаар зээл, хадгаламжийн хүү буурах нөхцөл болно.

-Эдийн засагчдын хэлж байгаа ганц зүйл бол цар тахлын үед хэтэрхий халамжийн бодлого барьж байна. Эдийн засаг элгээрээ хэвтэх нь гэж эмээцгээж байна?

-Халамж эзнээ зөв олох нь чухал. Эдийн засаг хүндэрч, төсвийн орлого тасалдах эрсдэл байгаа тул халамжийн хөрөнгө мөнгөнд хямгатай хандах, улс төрийн, сонгуулийн зорилгоос хол байлгах нь зөв өө.

Эдийн засгаа зогсоочихгүйн тулд цар тахлын тохиолдлуудыг түргэн хугацаанд олж тогтоон, тархаахгүйгээр хяналтад авч, ажил, амьдралаа хэвийн болгоход хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байна. Халдвар тархалт үүсэхгэхгүйгээр ямар арга хэрэгслээр  зарим чухал үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах боломжтойг Онцгой байдал, бусад холбогдох байгууллагууд судалж, санал зөвлөмж авч ажиллаж байна гэж ойлгосон. Гэхдээ коронатай хамтран зохицох амьдрах гэсэн зарим орнуудын алдааг давтаж болохгүй.

-УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс улсын төсөв хэт халамжийн бодлого баримталж байгааг буруутгаж байсан. Гэхдээ одоогийн энэ онцгой нөхцөл байдалд ард иргэдэд халамж бага ч гэсэн тус нэмэр болж байгаа хэрэг биш үү?

-Цар тахлаас сэрэмжилсэн хөл хориотой яг одоо цагт олон өрхийн амьжиргааг халамжаар залгуулж байгаа нь үнэн. Үүнийг цаг ямагт авдаг, үр хүүхдүүддээ өвлүүлдэг, ажил олгогчоос хөндийрүүлдэг хэрэгсэл болгож болохгүй. Жирийн цагт халамжийг хөдөлмөртэй, амьдралын ухаан, мэргэжлийн сургалттай, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, мал ахуй, хөрс ногоотой, ажил олгогчтой илүүтэй холбох бодлого чиглэл гаргахыг хүсэж байгаа. 

2004 оноос эхлэн аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ өсч Монгол Улсын нэр хүнд дэлхийд цуурайтах болсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед “Бидэнд хөгжлийн алтан боломж байна уу даа” гэх итгэл хүн бүрт төрж байв. Энэ үеүдэд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл бүгд ашигтай болж эхэлсэн юм билээ. Гэтэл яг энэ үе буюу 2008 оны сонгуулиас эхлэн элдэв амлалтаар ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, ажил хөдөлмөр гэхээсээ илүү хүний “гар хардаг”, амь зуулгаа залгуулахын оронд улсаас, улс төрчдөөс, түшээдээс бэлэн “юм” олоод авахыг оролддог, олдвол ууж, идчихээд байх хүсэлтэй хүмүүс олон болох шиг болсон.

-Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай байх нь хэвийн зүйл мэтээр ярих нь их байдаг. Хэр ортой зүйл вэ?

-Хөгжлийн болон нийгмийн шаардлагаар тодорхой хугацаанд төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай байж болно. Олон жил, архаг байдлаар энэ хоёр тэнцэл алдагдалтай байвал өр зээлд баригдаж, эдийн засгийн хараат улс болно. Гэхдээ дотоод хуримтлал өндөртэй, төлбөрийн тэнцэл нь ашигтай орнууд болон дэлхийн валютын нөөцийг бүрдүүлдэг ам.доллар, еврог үйлдвэрлэдэг орнуудын төсвийн алдагдлыг манай орныхтой огт харьцуулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Манай зарим улстөрчид нам, сонгуулийн хийгээд хувийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, ямар ч үнээр төрийн удирдлагад гарахыг хичээн Монголынхоо төсвийг тайлбарлахдаа санаатайгаар эсвэл санамсаргүйгээр Япон эсвэл БНХАУ төсвөө олон жил алдагдалтай явуулж, эдийн засгийнхаа хөгжлийг дэмжсэн хэмэээн тайлбарлаж, жирийн иргэдийг тайвшруулах явдал гардаг. Гэтэл жишээ авч буй Япон, Хятадын төлбөрийн тэнцэл нь ашигтай, асар их валютын нөөцтэй, иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, хуримтлал нь тухайн улсын үндэсний орлогоос хэд дахин давсан байдаг. Тийм болохоор эдгээр орны банкууд тэдний хадгаламжийг үржүүлэхийн зэрэгцээ төр, засаг нь ард түмнээсээ зээл авч хөрөнгийг нь үржүүлж, хуримтлалыг бас баталгаажуулж буй хэрэг. Гэтэл монголчууд бидний ихэнх нь хадгаламжгүй. Банкууд дахь хадгаламжийн үлдэгдэл Монголбанкны мэдээгээр 2019 оны эцэст 14.6 их наяд төгрөг байгаа нь үндэсний орлогын 40 хувь ч хүрэхгүй байна. Дээрээс нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа болохоор валютын хангалттай нөөц бүрдүүлж чадахгүй байна. Бидний жишээ авсан Япон, Хятадын төлбөрийн тэнцэл хөгжлийнхөө манлайд хүрэхдээ экспортын баримжаат эдийн засгийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, дэлхий дахины валютын нөөцийн дийлэнхийг бүрдүүлж байна.

-Валютын хангалттай нөөц бүрдүүлэх алхам юу байж болох вэ, таныхаар?

-Олон улсын валютын сангийн олон санхүүгийн статистикаас үзэхэд Дэлхийн хэмжээнд 2019 оны эцэст 11.83 их наяд ам.доллартой тэнцэх валютын нөөц байгаагийн 3,10 их наяд нь Хятадад, 1.36 их наяд нь Японых, Европоос Швейцарь 796.01 тэрбумаар 3 дугаарт, ОХУ 551.20 дөрөвдүгээт орж, тэдгээрийн араас Саудын Араб 496.54, Тайван 479.68, Энэтхэг 475,56, Хонг-Конг 446.10, Өмнөд Солонгос 440.20, Сингапур 394.98 тус бүр тэрбум ам долларын нөөцтэйгээр эхний 10-н байрыг эзэлж байна. Эдгээрийн ихэнх нь мөнгө хуримтлалын соёл ихтэй Азийн орнууд байгаа нь бидэнд үлгэр, жишээ болно.

 Монгол Улсад уг нь 2003-2004 оноос эхлэн алтан боломж гарсан бөгөөд алдаанаасаа сургамж аваад өдгөөгийн цар тахалтай улс үндэстнээрээ эв хамтын хүчээр, иргэдийнхээ ухамсар, хариуцлагыг өндөржүүлэн тэмцэж буйн адилаар хөдөлбөл дунд хугацаандаа хөгжлийн суурийг тавих ёстой. Үүний гол суурь нь гадаадын зээл, хүүний дарамтаас гарах явдал юм. Ингэж чадвал ямар их мөнгө зээлийн хүүгээр чөлөөлөгдөж, эдийн засаг эрүүлжих учиртай юм. Гадаад зээлийн хүү нь жилдээ дундажаар 2.2 тэрбум ам доллар буюу ДНБ-ний 18 хувь, төсвөөс хариуцах хүү нь төсвийн орлогын 10 хувийг давж байгаа. Монгол Улсын нийт өр 2020 оны эхэнд 30.7 тэрбум ам доллар байгаагийн 10.5 тэрбум орчим төр (Засгийн газар, Төв банк, Засгийн газрын баталгаатай буюу төрийн өмчийн хамааралтай), үлдэх 20 тэрбум нь Оюутолгой болон бусад хувийн хэвшилд хамаарах зээлийн өр байна. Оюутолгой бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, зэс, нүүрс, алт, төмрийн үнэ тогтвортой байвал өрийн дарамтыг дунд хугацаандаа гэтлэх боломж байна.

Монголбанкны вебсайтаас үзэхэд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2008 оноос эхлэн өнөөг хүртэл алдагдалтай байсан нь Монгол Улсын өр өссөн дүнгээр 30 тэрбум ам доллар давлаа. Энэхүү зээлийн дийлэнхийг хувийн хэвшил, уул уурхайн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт бөгөөд төрийн хариуцлагад үлдэх гуравны нэг орчмын өр зээлийг дунд хугацаандаа багасгаж, зохих хэмжээгээр барагдуулж чадвал түмэн олондоо зориулан хийж буй хамгийн том буян болно. Мөн хувийн хэвшлээ дэмжиж, шахаж шаардаж, хянаж ажиллах нь төрийн нэгэн зохицуулалт байх учиртай. Таван толгойг түшиглэсэн төмөр зам, цахилгаан станц зэргийг түргэн хугацаанд бүтээн байгуулж чадвал хагас тэрбум ам.долларын хэмнэлт гарахын зэрэгцээ үйлдвэрлэл, олборлолтыг нэмэгдүүлэх асар том боломж гарна. Нүүрсээ машинаар зөөхийн тулд хэдий хэмжээний бензин шатахуун, импортын машин тэргийг гаднаас авдгийг хүн бүр гадарлана. Мөн 100 сая гаруй сая ам долларын импортын цахилгаан жилдээ авч байна. Цаашид хэрэгцээ асар ихээр өсөхөөр байгаа. Үүнд оочер дараалал харгалзахгүйгээр хөрөнгө зардаг байх ёстой. Үүнийг хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх гэж байна. Дээрээс нь зэс боловсруулах томоохон хүчин чадал гарч, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тэгвэл энэ 2 баялгийн хайгуулыг эрчимжүүлэх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл туйлшрал газар авч  зэсийн хайгуул хийхийг түр зогсоосон дуулдсан. Юу гэсэн үг вэ энэ чинь.

За тэгээд ЖДҮ-чин гэдгээс болж, үйлдвэрлэлийн зээлийн хэмжээг багасгаж болохгүй. Алдаа байвал засах учиртай. Баялгийн үр өгөөжийг орон нутагт бодитойгоор хүргэж буй орон хөгжлийн сангаас зээлийн эх үүсвэр гаргадаг эрх зүйн зохицуулалт хийхийг олон удаа ярьж байна. Татварын олон төрлийн хөнгөлөлт авч болох боловч гарааны хөрөнгө хөдөөгийн болон хотын гэр хорооллын иргэдэд байхгүйн дээр халамж хараад ажил хийх хүн олдохгүй юм гэсэн шүүмжлэл газар авчээ. Америкийг дуурайж хүнсний талон өгөх нь үр ашиг муутай, өнгөт арьстангуудад “тусалж” буйтай адил үр дагавар манайд үүсэх төлөвтэй. Сайн малчныг, ажилласаг, зохион байгуулалт сайтай ажил хийдэг хүмүүсийг дагаад ажил амьдралаа залгуулдаг монгол заншил алдагдаж, ганц нэгээрээ бууцгааж, айлсалт алдагдаж, айлын охид нь хотод, хөвгүүд хөдөөд үлдэх явдлыг газар авахуулбал хүн ам зүйн том алдаа болно.

-Дэлхий дахинд “Ковид-19” цар тахал дэгдэж улс орон бүр бүсээ чангалж байна. Монгол ч мөн ялгаагүй. Бид үүнээс ямар сургамж авч болох вэ?

Гадаадын мэргэжлийн ажиллах хүчнээс хамааралтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын нэр төрөл хэмжээг тодорхойлж, өөрсдийн хүчээр аль болох хийдэг хүчин чадал, чадавхийг бэхжүүлэх ёстой гэдэг нь хамгийн түрүүнд харагдаж байгаа юм. Наад захын жишээ, тоосгоны үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг хятадууд ажиллуулдаг бөгөөд хил зорчигчдын хувьд хаагдсан болохоор ирж чаддаггүй. Дарханы автозамын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх эсвэл халуун боловсруулалт бүхий махны үйлдвэрүүдийг ажиллуулах, мэргэжлийн ажиллах хүч дутах шинжтэй.

Нийгмийг талцуулсан зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхэд дэмжлэг үзүүлж, улмаар зөв шийдлийг олохын төлөө хамтран зүтгэцгээе. Ард түмний илч-гишүүд, УИХ-ын хэлэлцүүлэг, түүний бүтэц, индрээр дамжуулан нийт ард түмэндээ зөв ойлголт, зөв мэдээлэл, дохио өгөх нь тэргүүн зэргийн зорилт болжээ. Төсвийн сахилга батыг чанд сахиж ажиллах нь Монголын зээлийн зэрэглэлийг нааштай болгох ач холбогдолтой.

Ойрын жилүүдэд хийгдэх бондын төлбөрүүдийг төлөх, дахин санхүүжилтэд шаардагдах хөрөнгө босгох итгэлийг төрүүлэхийн тулд Монгол Улс бүх нийтээрээ валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн яаралтай, улс төр, геополитикийн болон хувийн эрх ашгаас гадуур явуулах хэрэгтэй болно. Мөн төсвийн сахилга батыг хатуу сахиж, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг болно. Мэдээж нүүрс, зэс, алт, цайр, төмөр зэрэг ашигт малтмалын экспортыг тогтвортой хэмжээнд байлгах, болвол нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Валютын ханш хийгээд, мөнгө, сангийн бодлого цогцоороо импортыг хязгаарлах, дотоодын аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ, үндэсний орц ихтэй барилга хөрөнгө оруулалтад чиглэх учиртай болно. Эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуун Сухайт чиглэлийн төмөр замыг бариад ашиглаад эхэлбэл жилдээ нүүрсний орлого наад зах нь жилдээ 300 сая ам доллароор нэмэгдэнэ.

-Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш чангарсаар байна. Бид юун дээр алдчихав?

-Төр импортоо хязгаарлаж чадахгүй байгаа учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханш өөрчлөгдөнө. Манай улсын төлбөрийн баланс алдагдалтай, валют багасч байгаа учраас зах зээл өөрөө хязгаарлана. Ханш бол эдийн засгийн чухал индикатор. Ханшаа тогтвортой байлгах нь Монголбанк, Засгийн газрын хийх ажил. Засгийн газар экспортоо нэмэгдүүлж, нөгөө талд экспортын орлогын дийлэнхийг тээвэр, цахилгааны зардалд алдаж байгаагаа хязгаарла гэдгийг л зах зээл сануулж байна.

Өнөөдөр нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар зарлаа гэж бодоход үүнийхээ 35-ийг нь тээврийн зардалд зарцуулж байна. Эхний арван сарын байдлаар 400-700 тэрбум төгрөгийн  эх үүсвэрийг зөвхөн тээврийн зардалд гадагш нь алджээ. Энэ чинь нөгөө манай улсыг тэжээдэг нүүрсний мөнгө шүү дээ. Үүнтэй яг ижил уул уурхайгаас олж байгаа орлогын нэлээдгүй хувийг цахилгааны төлбөрт алдаж байгаа. Эдгээр зардлыг багасгаснаар Монголд орж ирж байгаа валютын урсгал нэмэгдэнэ. Ингэхгүйгээр Монголбанк ханшийг хямд тогтоон барих ямар ч боломжгүй. Тиймээс Монголбанк, Засгийн газраас Монгол Улсыг ирээдүйн 100 жил явч явах зэс, нүүрс, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэлийг яаж дэмжих үү, энэ чиглэлд өнөөдөр хэн, юу хийж чадаж байгаа вэ, цаашид юу нь хүндрэлтэй байна, яаж эргэлтийн хөрөнгөөр хангаж түүхий эдээ цуглуулж, үйлдвэрлэл явуулах вэ гэдгийг судлан гаргах хэрэгтэй. Европын холбооны дэмжлэгтэй МХАҮТ-тай хамтран энэ чиглэлд судалгаа хийж байгаа юм байна лээ. Мөн Дэлхийн банкнаас уул уурхайн бус салбарыг дэмжих хэрэгтэй гээд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх ажлын үр дүн гарсны дараа судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан зорилготой, зоригтой ажиллах ёстой юм.

-Энэ цаг үед арилжааны банкуудын үйл ажиллагаа томоохон байр суурь эзэлж байгаа. Арилжааны банкин дээр ямар бодлого шаардлагатай вэ?

-Арилжааны банкуудын үйл ажиллагааг олон улсын аргачлалаар нэлээд сайн шалгаж, цаашдаа төлбөрийн чадвараа дээшлүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч байна. Энэ нь иргэд, хадгаламж эзэмшигчийн мөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг том алхам.

Монголбанк 4.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны арилжааны банкуудаас худалдаж авсан зээл л дээ. Арилжааны банкууд дээр байрлах илүүдэл мөнгийг инфляци үүсгэхгүй, ханш унагахүй байх мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Тэгэхээр хүү төлөөд авсан 4.5 их наяд төгрөгөөс алдагдал хүлээж байгаа. Зүй нь эх үүсвэрээ зээл болгож ашгаа олно шүү дээ. Үүнийг оновчтой байдлаар ашиглах нь чухал биз ээ.

-Монгол Улсын гадаад өрийг УИХ, Засгийн газрын түвшинд онцлон хөндөж байна. Өр үнэхээр нэмэгдсээр байна уу. Багасгах арга хэмжээ юу байна?

-Монгол Улс тогтвортой бөгөөд хүрээмжтэй өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнийг олон улсын байгууллагууд ч зөвлөдөг. Хүртээмжтэй өсөлт гэдэг нь хүн бүхний оролцоог хангасан ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын хувьд сум, аймаг бүрт ажлын байрыг бий болгох асуудал чухал байна. Манай улсад 2011 оноос гаднын хөрөнгө оруулалт идэвхжсэн. Үүнээс хойш манай улсын төлбөрийн баланс дандаа алдагдалтай яваа. Энэ алдагдлаа нэмээд үзэхээр манай улсын өрийн хэмжээ гараад ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай улс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг тогтоох боловсон хүчин, бэлэн бүтээгдэхүүн байхгүй байгаагийн л илрэл. Гаднаас доллар орж ирээд өр болоод л дууссан. Ихэнх нь импорт болоод гадагшилсан. Өнгөрсөн жил гэхэд гаднаас 1.2 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Үүний 800 гаруй сая нь Оюутолгойн хөрөнгө оруулалтынх, 240 гаруй сая нь хувьцааны ашгийнх. Доллар орж ирсэн ч төлбөрийн баланс алдагдалтай хэвээр байна. Учир нь орж ирж байгаа долларыг шингээх, нийлүүлэх бүтээгдэхүүн байхгүй учраас нэлээд хэсэг нь буцаад гарах нь элбэг. Монголын контенттой экспорт хийж байгаа бол өөр хэрэг. Экспорт өслөө гээд л байдаг. Гэтэл ихэнх эх үүсвэрээ гадагшаа л алдсан байна.

Хуулиар бол Монголбанк улсын валютын нөөцийн, Сангийн яам төсвийн удирдлагыг хангах үүрэгтэй билээ. Гэхдээ энэ хоёр байгууллага эдгээр нэн хариуцлагатай үүргийг гар нийлүүлэн ажиллаж байж хэмээн хангах учиртай. Мэдээж тэдэнд бие даан ажиллаж, төр түмний өмнө хүлээх нэн харицлагатай олон үүрэг бий. Жишээ нь Монголбанканд төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг ногдуулж, түүний хэрэгжилтийг төгрөгийн ханш, үнийн хөдлөлөөр хэмжиж буй билээ. Монголбанк гэлтгүй, бусад яам, газрууд болон төв орон нутгийн төсөв захирагчдаас гаргасан аливаа зардал нэмэгдүүлсэн шийдвэр, алдаа нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн нуруун дээр буудаг болохоор Сангийн яам аливаа алдаатай зүйлд хөндлөнгөөс харж, өөрсдөөсөө хариуцлагыг зайлуулах биш, харин яваандаа хүндрэл нь сангийн яаманд ирнэ гэдгийг тооцоолж, урьдчилан сэргийлэх, бодит үнэнийг хэлж ойлгуулах, зөв чиглэл гольдролд оруулахад дэмжлэг үзүүлэх учиртай болно. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын удирдлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг шийдвэр гаргагчид нь мөнгөтэй холбоотой асуудлаар Сангийн яамны санал, зөвшөөрлийг авч байх нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг билээ. Энэ бүхэн бол төр, захиргааны ажлын наад захын шаардлага соёл болно. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлтээр УИХ нь “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалттай болсон. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх, Засгийн газрын төсвийн төлөөх хариуцлагыг нэмэгдүүлэхэд Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл илүүтэй анхаарч ажиллах болно.

Эх сурвалж: Монголбанк

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version