Улсын хэмжээнд 2,186 иргэн тусгаарлалтад байна
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн 24 цагт нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн, орон нутагт 120 иргэн, улсын хэмжээнд нийт 175 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Өчигдөр Сүнжин Грандаас гарсан 42 иргэн нь хүүхдүүд байсан тул нэгдсэн байдлаар автобусаар гэрт нь хүргэж ажилласан.
Өнөөдөр Новотел, Корпорейт, Кемпински, Вензоу буудалд тусгаарлалтад байсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдэд 14 хоног гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм сахих үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан баталгаа авч байгаа.
Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1,273 иргэн байгаа бол орон нутагт 7,210 иргэн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2,186 иргэн тусгаарлагдаж байгаа. Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа бөгөөд дээрх танилцуулсан тоон мэдээ нь хавьтал болсон иргэдийн тоо юм.
Тусгаарлалтад байгаа болон тугаарлалтын хугацаа нь дууссан хавдрын эмчилгээ хийлгэх, мэс засалд орох шаардлагатай иргэдийг эмнэлгүүдтэй холбож ажиллаж байгаа. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.