Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Бодлогын хүү, заавал байлгах нѳѳцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай

Дугаар: 2020/06

Огноо: 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралдаанаар:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;
  2. Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;
  3. Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  4. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргалаа.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр  санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол  3-р улиралд уналт -3.1% болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11-р сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын амжилттай туршигдан дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давлагаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлөвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах болно.  

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version