Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Чойбалсан, Ховд, Мөрөн хотуудыг олон улсын 4С ангилалын нисэх буудалтай болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт /11.04/ хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна.

♦ Тээвэр орчин цагийн хүний гол хэрэгцээ болжээ. Монголчуудынхаа, цаашлаад бусад орны иргэдийн энэхүү хэргэцээг манай яам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын төрийн албан хаагчид болоод үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажиллагсад, нийтдээ 42 мянга шахам  хүн хариуцан гүйцэтгэж байна. 


♦ Монголын төрийн бодлогын суурь зарчим болох ХҮНИЙ ТӨЛӨӨ  л бидний бүх  үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Тус яамны бодлого, үй ажиллагаа ч зөвхөн ийм байдаг, цаашид  ч ийм байх болно.


♦ Хүн зоныхоо тээврийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн төрийн бодлого сүүлийн жилүүдэд боломжийн хэмжээнд хэрэгжиж, олны анхаарлын төвд хүрч, урам хайрлаж, дэмжлэг өгч байна. Бид  ч, иргэд ч энэ асуудал өмнө нь ямар байлаа даа гээд хааяа нэг харьцуулаад бодоод үзэхэд илүүдэхгүй.


♦ Монгол Улс 112,4 мянган км авто зам (7354.4 км нь хатуу хучилттай), 1.9 мянган км төмөр замын сүлжээ, 16 агаарын хаалгатайгаас гадна, манай улсын нэр дээр бүртгэлтэй 350 орчим хөлөг онгоц далайн тээвэр хийж байна. Нийт тээсэн ачааны 63.1 хувийг авто тээврээр, 36.9 хувийг төмөр замаар, нийт зорчигчийн 98 хувийг автотээврээр тээвэрлэж байна.


♦ Манай зам, тээврийн салбарыг иргэдэд нээлттэй байлгах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Монгол портал дээр 5 үйлчилгээг оруулсан бөгөөд 2021 онд нэмж 24 үйлчилгээ, 2024 онд 90 үйлчилгээг цахимжуулах дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


♦ Салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, Автотээврийн тухай, Төмөр замын тээврийн тухай, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байна.


♦ Зам, тээврийн хөгжлийн яам 2020 оныг Сахилга хариуцлага, Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарлаж, салбарын байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нилээд ажлыг зохион байгуулж, багагүй амжилт оллоо. Ирэх 2021 оныг авто засвар, арчлалтыг сайжруулах жил болгон зарлахаар төлөвлөж байна.


♦ 2000-2004 онд эдийн засгийн коридорыг өргөжүүлэх хилийн боомтуудыг авто замаар холбох, аялал жуулчлалын бүс нутаг руу чиглэсэн авто зам барихаар төлөвлөсөн. Одоо их урт км зам барих гэж ярихаас илүү богино боловч чанартай зам барих чиглэлийг барьж байна. Бид зам барьж ашиглалтад оруулахаас гадна түүнийг арчлах асуудлыг байнга хийх шаардлагатай.


♦ Монгол Улс өнгөрсөн хугацаанд төмөр замын төв коридорын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо үндэсний төмөр замын сүлжээ, үндэсний төмөр замын тээврийн байгууллагуудыг байгуулж, дотоод нөөц бололцоогоо ашиглан, Нефть боловсруулах үйлдвэрийн 25,7 км төмөр замын барилгын ажлыг дуусгалаа.


♦ 2021-2022 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаас гадна Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Монгол Оросын хамтарсан УБТЗ-ын гол шугамыг үргэлжлүүлэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих нөр их үйл хэрэг хүлээж байна.


♦ Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажил дуусахтай зэрэгцээд 2700 гаруй мэргэжлийн төмөр замчид шаардагдах тул одооноос мэргэжилтэн бэлтгэх ажилд холбогдох яамд бидэнтэй хамтан ажиллахыг хүсэж байна.


♦ Монгол Улсын хувьд гуравдагч улстай холбогдох гарц гүүр бол агаарын тээврийн салбар билээ. Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  эксперт, мэргэжилтнүүд болж чадлаа. Өнөөдөр гадаад улс орнуудад нойтон түрээсээр нислэг үйлдэж, далайн чанад, тив алгассан нислэгийг үндэсний нисэхийн баг, бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэж байна. 


♦ Мөн АНУ-ын Бойнг маягийн агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээг эх орондоо хийж, цаашид Азийн бүс нутгийн засварын төв болон өргөтгөх зорилтыг дэвшүүлэн ажиллаж  байна. Олон Улсын Агаарын тээврийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, олон улсын болон дотоодын аялал жуулчлалы хөгжүүлэх зорилгоор Чойбалсан, Ховд, Мөрөн хотуудын нисэх буудлыг олон улсын 4С ангилалын болгож шинэчлэх, Өндөрхаан, Дадал, Дэглийцагаан буудлуудыг өргөтгөх ажил бидний өмнө хүлээгдэж байна.


♦ Монголын авто тээврийн салбар ихэнхдээ хувийн хэвшлийн нуруун дээр явж ирлээ. Одоо нийслэл хотын доторх болон хот хоорондийн нийтийн тээвэрт явдаг автобусны 80 хув нь эдэлгээний хугацаа дуусаж, стандартын шаардлага хангахгүй байгаагаас парк шинэчлэл хийхэд хүрээд байна.


♦ Авто тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг ил тод, олон түмний хяналттайгаар явуулдаг болохоос гадна хууль зөрчдөг, ажиллагсдынхаа өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажиллагсдадаа учирсан хохирлыг барагдуулдаггүй  аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалдаг, дахин олгохгүй ч байж болох  зохицуулалтыг хийх шаардлагатай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version