НийтлэлОнцлохШинэ мэдээ

Халх голын домогт хязгаараас . . .

Наран ургах Халхын голын цэнхэр хязгаарт эх орныхоо дуудлагаар цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчид тангарагаа өргөж амжаагүй байхтай нь зэрэгцэн хэсэгхэн зуур ярилцлаа. Магадгүй энэхүү нийтлэл “Эх орны манаа” сонинд нийтлэгдэх мөчид залуус хөл гараа олчихсон хил, хилчдийнхээ нэгэн эд эс нь болчихсон байх биз ээ.

“Морин дэл дээр хийсч явсан ардын хүү, Монгол Улсынхаа дархан хил дээр хатуужсан эх орны хүү боллоо” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Цэргийн албанд татагдан ирсэн залуус эрдэм, мэдлэгийн далайд сэлүүрдэж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж явсан нь тодорхой. Тэдний алба хаах итгэл үнэмшил, түүхээрээ бахархах хүмүүжлийг нь сонсож суухдаа эх орноороо бахархах, түүхээрээ омогших үзлийг багаасаа авч, түүнийгээ ажил хэрэг болгох зорилгоор цэргийн албанд ирсэн байгаа нь сайхан санагдаж байсныг нуух юун. Хилд алба хаах боловсролтой залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайхан юм.

  Хэнтий аймгийн Хэрлэн сумаас цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Мөнхбатын ЭНХБАТ: Анх ангийн хаалгаар орж ирэхэд төрсөн догдолсон, хөөрсөн сэтгэгдэл одоо ч дарагдахгүй байна

-Намайг Мөнхбатын Энхбат гэдэг. Би Дорнод аймгийн Чойбалсан хотоос цэргийн албанд татагдан ирсэн. Аав А.Мөнхбат, ээж Ч.Сарантуяа болон таван дүүгийн хамт амьдардаг. Айлын том хүүхэд. Аав ээж маань хувиараа жижиг бизнес эрхэлдэг. Би ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд аав ээждээ тусалж байгаад цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь айх гайхах, догдлох, баярлах зэргээр яахаа мэдэхгүй хүлээн авч эцэст нь цэрэгт явахаар шийдсэн. Мэдээж урд өмнө нь Халхын голын түүхийн талаар олон сонсож бахархах сэтгэл төрж байсан болохоор энэ сайхан нутагт албаа хааж хилийн багана дээр очиж, нутаг усаа харан омогшмоор санагдсан. Анх ангийн хаалгаар орж ирэхэд догдолсон, хөөрсөн сэтгэгдэл одоо ч дарагдахгүй байна. Итгэмээргүй ч юм шиг.

Би аялал жуулчлалын маркетингийн менежерээр суралцаж цаашид улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцоно гэж боддог. Цэргийн албаа нэр төртэй хаагаад энэ зорилгоо заавал биелүүлнэ. Цэргийн хүн болохыг багаасаа мөрөөддөг байсан. Аавын маань дүү хошууч А.Мөнхтөр хилийн 0132 дугаар ангид ажилладаг. Ахыгаа харахаар цэргийн хувцас, биеэ авч яваа байдал гээд ихээхэн таалагддаг байсан болохоор энэ бодол толгойноос гардаггүй байлаа. Дээр нь цэрэгт ирэхийн өмнөхөн “Суварган цэнхэр уулс” киног үзээд энэ сайхан байгаль, түүхт газар алба хаах юмсан гэсэн бодол улам бүр ч нэмэгдсэн. Цэрэгт ирээд нутаг нутгийн залуустай нөхөрлөж онжавууд болж, гар нийлэн албаа амжилттай хааж, насан туршдаа нэг оныхон гэгдэнэ гэхээр сайхан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргээс цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Уламбаярын ГАНБОЛДӨвөөгийнхөө тулалдаж явсан энэ газар шороо, нутаг оронд алба хаана гэдэг нэр төрийн хэрэг

-Намайг Уламбаярын Ганболд гэдэг. Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдан ирсэн. Аав, ээж, ах, дүү нарынхаа хамт амьдардаг. Олон улсын Улаанбаатар их сургуулийг 2019 онд нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Булган аймгийн Бүрэгхангай сумын ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны намар анх цэргийн зарлан дуудах хуудас авсан ч харамсалтай нь тэр үед Улаанбаатар хотоос цэрэг татаагүй. Харин энэ жил зарлан ирсэн даруйд нь боломжийг ашиглан цэргийн албанд татагдан ирлээ. Ер нь гадаадад мэргэжлээ дээшлүүлэн сурах хүсэлтэй байсан болохоор виз мэдүүлсэн байсан хэдий ч коронагаас шалтгаалан хил хаагдсан учир боломжгүй болсон. Халхын голд цэргийн алба хаах шалтгаан надад байсан. Учир нь миний өвөө 1939 оны Халхын голын дайнд оролцож байсан гэдэг. Өвөөгийнхөө эх орныхоо төлөө тулалдаж явсан энэ газар шороо, нутаг оронд алба хаана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Аав, ах хоёр маань хоёулаа Зэвсэг хүчинд алба хаасан ч би улсынхаа хил дээр алба хаахыг, тэр тусмаа өвөөгийнхөө тулалдаж явсан газар цэргийн албаа хаахыг илүүд үзсэн болохоор тус ангид ирсэн. Цэрэгт ирэхийн өмнө өөрийн дураар чөлөөтэй явсан болоод ч тэр үү энд ирээд дэг журамд ороод эхлээд жаахан хэцүү санагдсан. Гэхдээ амархан дасан зохицож байна. Найзууддаа цэргийн албаа тэсвэр тэвчээртэй, сэтгэл зүйн хаттай, албаа нэр төртэй хаагаарай гэж хэлмээр байна. Аав, ээждээ хүү нь албаа сайн хаагаад очно, битгий санаа зовоорой гэж хэлье.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргээс цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Энхтуяагийн ЕСҮЖИН: Өвөөгийнхөө захиасыг биелүүлж Ялалт хөшөөн дээр Катюшаг дуулахыг хүсэж байна

-Намайг Э.Есүжин гэдэг. Би ээж Д.Энхтуяа болон дөрвөн эрэгтэй, нэг охин дүүгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийг 2020 онд хүний их эмч мэргэжлээр төгсөн нарийн мэргэжлийн шалгалт өгч тэнцээд улмаар Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад цэргийн зарлан дуудах хуудас авч цэргийн албанд татагдан ирсэн. Манай ээж тус их сургуульд багшилдаг. Миний гурван эрэгтэй дүү Зэвсэгт хүчний анги, салбарт хугацаат цэргийн алба хаасан. Бага дүү “Тэмүүжин өрлөг” лицей сургуульд сурдаг. Өвөө минь Зэвсэгт хүчинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад дайчин. Түүнээс Халхын гол, маршал Х.Чойбалсан, Монгол Улсын баатар Л.Дандарын тухай болон Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль”-ийн тухай олон сонсож байсан. Багадаа дүү нартайгаа “Ерэн баатрын дууль”-ийг уншиж, Катюшаг дуулдаг байсан. Энэ нь цэргийн алба хаахад магадгүй нөлөөлсөн байх. Ялалтын хөшөөг номноос харж биширч байсан бол одоо яг дэргэд нь цэргийн алба хааж, өдөр болгон харж байгаадаа маш их баяртай байна. Би багаасаа цэргийн алба хаахыг маш их хүсэж байсан болохоор цэргийн зарлан аваад явахаар шийдсэн. Их эмч мэргэжилтэй болохоор цэргийн алба хаалгүй 45 хоногийн дамжаанд суугаад цэргийн эмч болох боломж байсан ч өөрийн биеэр алба хааж, тэр дундаа хил дээр очиж үзмээр санагдсан. Анх найзаасаа Хилийн цэргийн амьдралын тухай сонсож, ямар хариуцлагатай бөгөөд бахархалтай алба бэ гэж бодсон. Манай ангийн захирагч бидэнд, “Бидний өвөг дээдэс хөлс, цусаараа авч үлдсэн газар шороо, хүн байгаагийн утга учрыг тусгаар тогтнолоороо баталгаажуулж үлдээсэн энэ нутагт алба хаах гэж байгаадаа та бүхэн баярлаж бас бахархах учиртай” гэж хэлэхийг сонсоод үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн. Бидний төдийгүй эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн өвөг дээдсийнхээ тухай ярих бүрт нүдэнд нулимс цийлгэнэх болсон. Хүний их эмч болж тангараг өргөсөн бол одоо эх орондоо үнэнчийн тангараг өргөх гэж байна. Үнэхээр бахархмаар, төсөөлөхөд ч сайхан мэдрэмж. Цэргийн албанд 24 настайдаа татагдан ирсэн болохоор цэргийн онжавууд, дүү нартаа өөрийн сурсан мэдсэн бүхнээ харамгүй хуваалцаж, зааж сургаж явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Мөн өвөөгийнхөө захиасыг биелүүлж Ялалтын хөшөөн дээр алдарт Катюшаг дуулахыг маш их хүсэж байна. Эцэст нь эх орныхоо дуудлагаар цэргийн албанд татагдан ирсэн залуустаа болон тэдний аав, ээж, ах, эгч, дүү нар, гэр бүлд нь бид сайн байгаа, албаа нэр төртэй хаагаад уулзах ерөөл тавья.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багаас цэргийн албанд татагдсан байлдагч Энхбатын БОРХҮҮ: Сайн найзтайгаа зөвлөлдөн хамтдаа алба хаахаар ирсэн

-Намайг Энхбатын Борхүү гэдэг Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, ээж, ахынхаа хамт амьдардаг. Энэ жил “Цэцээ гүн” дээд сургуульд маркетингийн менежер мэргэжлээр суралцахаар элсэн орж цэргийн алба хаахын тулд жилийн чөлөө авсан. Ах Э.Ганзориг арваад жилийн өмнө тус ангид алба хаасан. Энэ нутгийн гоё сайхан, түүх дурсгал, бахархлын талаар олон ярьсан. Тиймээс ч Халхын голд цэргийн алба хаах юмсан гэсэн нууцхан бодол надад төрдөг байлаа. Тиймээс сургуулиасаа чөлөө авч зарлан ирсэн даруйд Халхын гол руу цэрэгт явахаар шийдсэн. Цэргийн албанд ирэхдээ багын найз А.Сайнболдтойгоо зөвлөлдөж, хамт ирсэн. Бид нэг салаанд хуваарилагдсан. Уг нь оюутан цэргийн алба хаах боломж байсан. Гэхдээ нэг жилийн албыг тэр дундаа Хилийн цэрэгт Халхын голд алба хаахаар зорьсон нь талаар болоогүйд баяртай байгаа. Хилээ манаагүй эрийг ямар эр хүн гэх вэ гэдэг талаар анх сонсоод их гоё санагдсан. Ээж маань Улаанбаатар хотын 32 дугаар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Намайг цэрэгт явахыг сонсоод Хэнтий аймаг хүртэл гаргаж өгсөн. Ээж, “Олон аавын хөвгүүдтэй сайхан нөхөрлөж, албаа сайн хаагаад ирээрэй. Сэтгэлээр унаж, шантарч, няцаж болохгүй шүү. Үргэлж гялалзаж яваарай” гэж захьсан. Ээжийнхээ итгэлийг алдахгүй албаа сайн хаана гэдэгтээ итгэлтэй байгаа. Халхын голын домогт ангиас хүү нь хайрт ээж тантайгаа мэндчилж байна. Ээж ээ хүү нь албаа сайн хаагаад очно. Та минь биеэ бодож, сайн сууж байгаарай гэж хэлье.  Онжавууддаа нэг жилийн хугацаанд сайн найзууд, нэгэн гэр бүл болж албаа сайн хаахыг хүсье. Амжилт.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version