WorldОнцлохШинэ мэдээ

Бразил Улсын Авилгын эсрэг хуулийн амжилт

Нийтээр хавтгайрсан авлигын талаарх түгшүүртэй байдлаас үүдсэн үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаалын дараагаар Бразилийн Конгресс Авлигын эсрэг шинэ хуулийг баталсан.

2014 оны Авлигын эсрэг хууль нь хээл хахууль авдаг хувь хүмүүст анхаарлаа хандуулах уламжлалт хандлагаас хээл хахууль өгдөг корпорацууд руу чиглэсэн гэдгээрээ онцлог юм. 

Өмнөх хууль тогтоомжуудад хээл хахууль өгсөн байж болзошгүй хувь хүмүүсийн үйлдлийг хөнддөг байсан бол энэхүү хуульд хээл хахууль өгч буй компаниудад илүү хатуу шийтгэл ногдуулахаар тусгасан (Үүнд: Тухайн компанийн өмнөх жилийн нийт орлогын 20 хүртэлх хувийн торгууль ногдуулах, онцгой тохиолдолд компанийг татан буулгах).

Авлигын эсрэг хууль хэрэгжиж эхлээд 6 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг хууль үр дүнтэй байсан уу? Ерөнхийдөө хууль сахиулах ажиллагааны тоо бага байгаа нь Бразилийн ихэнх бүс нутагт хээл хахууль өгдөг корпорацуудад хориг арга хэмжээ авахдаа хуулийг эрс шийдэмгий байдлаар нэвтрүүлээгүйг харуулж байна. Үүнээс уг хуулийг үр нөлөөгүй эсвэл хэрэгжээгүй гэж дүгнэх нь эртэднэ гэж үзэх олон янзын шалтгаан байна.

Хуулийн хэрэгжилтийн талаарх зарим статистик мэдээллээс эхэлье.

Урьдчилсан судалгаагаар 2018 оны 1-р сар гэхэд (хууль батлагдсанаас хойш дөрвөн жилийн дараа) Засгийн газар 183 захиргааны хариуцлагын хэрэг нээж 30 хуулийн этгээдэд шийтгэл ногдуулжээ. Гэхдээ зөвхөн Засгийн газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны статистикийг харах нь хангалтгүй юм. Учир нь Авлигын эсрэг хуулийн дагуу мужийн болон хотын захиргааны байгууллагууд ч мөн адил чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус хуулийн хэрэгжилтийн талаар үндэстний хэмжээний мэдээлэл цуглуулахын тулд өнгөрсөн жил 27 муж, 26 нийслэл хотын хэмжээнд судалгаа явуулсан. Судалгааны мэдээллийн сан дутуу байгаа хэдий ч хуулийн хэрэгжилтийг илүү гүнзгий үнэлэх боломжийг олгосон юм.

2019 оны 1-р сарын байдлаар Бразилийн мужууд 306 хуулийн этгээдийн эсрэг 132 захиргааны хариуцлагын хэрэг, нийслэл хотууд 49 хуулийн этгээдийн эсрэг 42 захиргааны хариуцлагын хэргийг нээжээ. Гэхдээ Авлигын эсрэг хуулийн дагуу нээсэн захиргааны хариуцлагын хэргийн тоо, ногдуулсан шийтгэлийн тоо нь зөвхөн хээл хахуулийн эсрэг ашиглах сайн үзүүлэлт биш юм. Учир нь тус хууль нь тендерийн асуудал, холбогдох хууль зөрчсөн гэмт хэрэг зэрэг бусад үйлдлүүдэд мөн үйлчилдэг.

Судалгааны дүнгээр мужуудын нээсэн 132 захиргааны хариуцлагын хэргээс 21 нь хээл хахуультай холбоотой, 94 нь тендерийн будлиантай холбоотой хэрэг байсан бол нийслэл хотуудын нээсэн 42 захиргааны хариуцлагын хэргээс зөвхөн 2 нь хээл хахуультай холбоотой, 18 нь тендерийн будлиантай холбоотой хэрэг байжээ.

Бразилийн олон муж, нийслэл хотууд хээл хахууль өгсөн корпорацуудад хариуцлага хүлээлгэхийн тулд Авлигын эсрэг хуулийг эрс шийдэмгий ашиглахгүй байгаа нь мэдээжийн хэрэг сэтгэл түгшээж байгаа боловч бид энэхүү хууль нь хэрэгжихгүй байна гэж дүгнэж болохгүй юм. Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

Нэгдүгээрт: Авлигын эсрэг хууль нь 2014 оны 1-р сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө гарсан хэрэгт уг хууль нь үйлчлэхгүй юм. Жишээ нь: Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан Лава Жато (Машин угаалга)-той холбоотой хэрэгт шалгагдсан байгууллагуудад тус хууль үйлчлэхгүй гэсэн үг юм.

Хоёрдугаарт: Бразилийн авлигатай тэмцэх ажиллагаа нь зөвхөн Авлигын эсрэг хуулиар хязгаарлагддаггүй. Бразилийн прокурорууд авлигын хэрэгт холбогдсон хувь хүмүүсийг эрүүгийн хуулийн бусад хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг бол хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхдээ захиргааны зөрчлийн тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжийг ашигладаг.

Гуравдугаарт: Авлигын эсрэг хуулийн үндсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа нь уг хуулийн бас нэг чухал хэсэг болох хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэх зөвшөөрлийн асуудлыг орхигдуулж байна. Авлигын эсрэг хууль нь хуулийн үйлчлэлд хамааралгүй авлигатай холбоотой хэргийг шийдвэрлэхэд ашиглаж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байдаг. Жишээ нь: Лава Жатогийн мөрдөн байцаалтын явцад олж илрүүлсэн олон чухал хэрэг, тэр дундаа “Odebrecht болон J&F” нарын хэргийг 2014 оны Авлигын эсрэг хуулиар зөвшөөрсөн хэргийг хялбаршуулах байдлаар шийдвэрлэсэн байна.

Дөрөвдүгээрт: Бразилийн Авлигын эсрэг хуулийн үр нөлөөний талаар дүгнэлт хийхэд эрт байна. Жишээ нь: АНУ-ын гадаадын авлигын үйл ажиллагааны тухай хууль ихээхэн үр дүнд хүрэхийн тулд 20 гаруй жилийн хугацааг зарцуулсан.

Цаашид сайжруулах зүйлүүд бий. Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудад хэрэг шалгахад түгээмэл хэрэглэгддэг гэрчүүдийн утсыг хураан авах, шүүхээр хэлэлцэх зэрэг мөрдөн байцаалтын арга техникүүд дутагдалтай байна.

Бразилд эдгээр арга техникийг зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ашиглах боломжтой байдаг. Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх нь захиргааны шинжтэй тул уг хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага нь мөрдөн байцаалтын явцад олж илрүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэж байна.

Бодит байдал дээр Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, үр дүнтэй мэдээлэл солилцохоос хамаарах юм.

Харамсалтай нь Бразилийн хууль сахиулах байгууллагууд авлигын эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулахын тулд өөр хоорондоо өрсөлддөг нь харагдаж байна. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд агентлагууд нь нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх төдийгүй авлигатай тэмцэхэд нь урт хугацаандаа амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.  

Эх сурвалж

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version