Засгийн газарСурвалжлагаОнцлохОрон нутагШинэ мэдээ

“Дарханы замд зорчих дээд хурд 60 км”

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогссон тул Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээж буй. Иймд өнгөрөгч баасан гарагт ЗТХ-ийн сайд Л.Халтар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс  болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд хамтдаа Улаанбаатар хотоос Дархан хот хүртэлх 204.3 км замын ажил ямар болсон гэдгийг үзэж, цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм.

Улаанбаатар төмөр замын хариуцан арчилдаг 384-р автомат хаалттай гарам
Улаанбаатар төмөр замын хариуцан арчилдаг 361-р автомат хаалттай гарам

Хамгийн эхэнд Улаанбаатараас Дархан чиглэлийн замын эхлэл болох Толгойт Эмээлт зөрлөгийн хоорон дахь Улаанбаатар төмөр замын хариуцан арчилдаг 384, 361-р автомат хаалттай гармын зорчих хөдөлгөөн нээгдэж, хэвийн үргэлжилж байгаатай танилцсан. Тус гарамуудыг 4 эгнээ бүхий замтайгаар хийсэн ба бусад гармууд ч адилхан байх аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат, “Энэ зам маань зураг төслийнхөө дагуу 9 метрийн өргөнтэй чанартай, сайн зам болсон. Мөн энэ замтай зэрэгцээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах авто замын ажил эхэлсэн. Энэ төслийн хүрээнд замын өргөнийг 18 метр, дөрвөн эгнээ болгох ба хоёр тийш нь өргөтгөх юм. Зам барих тухайн хэсгийн тогтцоос шалтгаалан зарим газартаа нэг тал руу нь есөн метр өргөтгөнө.

Зам голдоо таван метр орчим зааглах зурвастай, даваан дээр бетон зааглах зурвастай, хоёр талдаа төмөр туузан хашлагатай хашлагатай сайхан зам болно. Замын ажил 2021 онд үргэлжилж, 2022 онд дуусгах гэрээтэй. Энэ замын хурдны дээд хязгаарыг 60 км/цагаар тогтож, тэмдэг тэмдэглэгээг тавьсан боловч тооцоот хурдны дээд хязгаар 100 км/цаг юм. Жолооч нар 100 км/цаг хурдлахад осолгүй зорчих техникийн нөхцөлд хангагдсан” гэв.

Нэгдүгээр багц-Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26км

Дарханы замын ажлыг таван багц болгон хуваасан бөгөөд таван өөр аж ахуйн нэгж хариуцаж буй. Нэгдүгээр багцын ажил Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26км үргэлжилэх бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани, туслан гүйцэтгэгчээр Монголын “Эсто”, “Болор болд” компани ажиллаж, гэрээт хугацаанаас нэг сарын өмнө ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээсэн байна.

Нэгдүгээр багцын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө дуусгасан БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лю Хунян, “Бид ажлаа хугацаанаасаа өмнө дуусгасандаа баяртай байна. Энэ зам дээр 150 хүн ажилласан. Энэ хугацаанд материалын дутагдалд орох зэрэг хүндрэл байсныг эс тооцвол бидний ажлыг шуурхайлах тал дээр ЗТХ-ийн яам анхаарал хандуулсанд талархаж байна. Л.Халтар сайд амралтын өдрөөр байнга ирж, бидний ажилтай танилцаж, шахаж явдаг байсан. Бид хэрхэн ажилладгаа ажлын явцаараа харуулахыг хичээсэн, цаашид Монгол Улсын зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоход бэлэн байна” гэлээ.

Хоёрдугаар багц-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км

Хоёр /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км/ болон Дөрөвдүгээр багцын /Сүмбэр сумын уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08км/ ажлыг хийхээр гэрээ байгуулсан компани нь ажлаа үргэлжлүүлэхээс татгалзсан. 2019 онд ажлаа эхэлсэн тэдний дутуу орхисон замын тал хувийг цементээр бэхжүүлсэн суурьтай, талыг нарийн ширхэгтэй хайргаар хучиж, хуучин асфальтуудын нөхөөсийг хийсэн. Нарийн ширхэгтэй хайргаар хучсан хэсэгт машин ойрхон явбал цонх руу чулуу үсрэх магадлалтай тул зорчих хурдыг 60 км/цаг-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Энэхүү хоёр хэсгийн зам тус бүр 45 км буюу нийт 90 км-т жолооч нар хурдаа тохируулан, хоорондыг зайг барьж, анхаарал болгоомжтой яваарай.  

Хавар болтол тодорхой хэмжээний замын элэгдэл үүснэ. Өнгөрсөн жил бид Хонхор сумын ойролцоо хөндийд хэсэг замыг нээж явуулж үзсэн. Хоёр см орчим элэгдсэн байна лээ. Тиймээс элэгдсэн хэсэгт хучилт хийж, шинэ замтайгаа ижил түвшинд хүргэнэ гэдгийг албаныхан онцолж байв. Түүнчлэн таван багц замын хэсэг тус бүрт төмөр самбар дээр тухайн замыг хариуцах инженерүүдийн гар утсыг бичиж тавьсан. Ингэснээр жолооч нар замтай холбоотой асуудал үүсвэл хяналтын инженерүүдтэй шууд холбогдох боломжтой гэдгийг хэлж байлаа.  

Гуравдугаар багц-Урьханаас Сүмбэр сумын уулзвар хүртэлх 45.74км
Гуравдугаар багцыг “Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг” групп хийж гүйцэтгэсэн

Гуравдугаар багцыг “Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг” групп хийж гүйцэтгэсэн бөгөөд  Урьханаас Сүмбэр сумын уулзвар хүртэлх 45.74км замыг маш сайн чанартайгаар хийж гүйцэтгэсэн болох нь харагдаж байсан юм.

Дөрөвдүгээр багц-Сүмбэр сумын уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08км

Харин Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.35км авто замыг “Чайна Жео-Инженеринг Корпораци” хийж гүйцэтгэсэн байна. Тус замын Дархан хотруу ордог хэсгээс тойрог хүртэлх хэсгийг дөрвөн эгнээ болгосон ба Налайхын замтай адил гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах хаалттай болно гэдгийг энэ үеэр онцолж байв.

Тавдугаар багц-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.35км

Дарханы зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно

Ийнхүү тус замын хөдлөгөөнийг нээж, хаана нь анхааралтай явах хэрэгтэйг, гүйцэтгэгч компаниуд хэрхэн ажилласан зэрэг мэдээллийг газар дээр нь танилцуулах ажлын дараа ЗТХ-ийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн сонирсон асуултад хариулт өгсөн юм.

-Улаанбаатар Дархан чиглэлийн замыг хөдөлгөөнийг нээлээ. Энэ талаар тодруулж тайлбарлавал?

-Есдүгээр сарын сүүлээр Дарханы замын ажилтай танилцаж байх үедээ сэтгүүлчдэд хоёр зүйл амласан. Нэгд, 2020 оны арваннэгдүгаар сарын 1-15-ны хооронд Дарханы замыг нээнэ, хоёрдугаарт, нэгдүгээр хэсгийн замыг бүрэн дуусгах, гурав болон тавдугаар хэсгийг чадах чинээгээрээ явуулна, асуудалтай байгаа хоёр болон дөрөвдүгээр хэсгийг ямар ч байсан хөдөлгөөн нээх хэмжээнд хүргэнэ гэж амласан. Эдгээр ажлуудаа бид бүрэн хийж дуусаад замын хөдөлгөөнийг бүхэлд нь нээж байна. Бага зэрэг дутуу ажлуудыг бид арваннэгдүгээр сарын 15 хүртэл хийнэ.

Замын тэмдэг тэмдэглээ болон бусад ажлыг хийж байгаа нь

Дарханы замын талаар янз бүрийн сөрөг мэдээллүүд их явж байгаа. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл цаг агаарын нөхцөл байдал таагүй, ажил хийх боломжгүй өдрүүд олон байсан. Ялангуяа есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж нийт нутгаар цас орж зам, даваа хаагдсан тохиолдлууд бий. Цаг агаар хүйтэн болоод ирэхэд замын хучилтын ажил зогсчихдог. Дунджаар найман өдөр зогссон ч Нэгдүгээр хэсгийн замыг бүрэн хучиж дуусгасан.

Дарханаас гарч байгаа хэсэг бидний хувьд хамгийн хүнд байсан. Яагаад гэвэл Дарханы араар тойрч хуучин сангийн аж ахуй араас орж ирдэг түр зам нь иргэдэд их хүндрэлтэй байсан. Бид ярилцаж байгаад Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр барих дөрвөн урсгалтай замтай дүйцүүлэх хэмжээний дөрвөн урсгалаар нээж байгаа. Хамгийн гол нь Дарханы зам нээсэн ч жолооч нар минь хурдаа багасгаж, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.

-Хоёр болон дөрөвдүгээр хэсэг дээр Хятадын компани гүйцэтгэхээс татгалзаад гараад явсан. Энэ талаар тодруулж өгөөч. Тус хоёр хэсгийн тендер зарлагдсан уу?

-Тендер зарлагдана, тендерийн бичиг баримт боловсруулагдан төгсгөл шатандаа орж байна. Гэхдээ тендер зарлагдахын өмнө хуучин ажиллаж байсан гэрээлэгч компанитай хоёр талаас тооцоогоо хаах ажил явагдаж байна. Тус хоёр хэсгийн компанийн төлөөлөл Монголд орж ирсэн байгаа өнөө, маргаашгүй ажлаа баталгаажуулна. Ингээд ажлаа баталгаажуулж баталчихвал дараагийн тендер зарлахад бэлэн болно.

-Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийх замын барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Тус замуудын тендер зарлагдан таван багцын гүйцэтгэгч нар тодорчихсон, таван багцтайгаа гэрээгээ хийгээд дуусчихсан байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж энэ ажлууд эхэлнэ. Гэхдээ гуравдугаар сарын 15 хүртэл тус таван багцын хүмүүс зүгээр суухгүй. Өвлийн улиралд хоёр том ажил хийж явна. Нэгдүгээрт, хайрга болон замын далангийн материал бэлтгэх, хоёрдугаарт гүүр хоолойн ажлууд хийгдэнэ. Тэгэхээр 1500 орчим буюу 1,5 км урттай хоолойнуудын бэлдэцүүдийг хийж хоёрдугаар сарын 15 гэхэд түр замын засвар гарна. Мөн дугуй хоолойнуудын бэлдэцүүдийг буулгаж орхино. Ингээд гуравдугаар сарын 15- ны өдөр замаа энэ жилийнх шиг бүтнээр хаахгүй, хэсэгчилж хаагаад эхний ээлжид гүүр хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дараа нь далангийн ажлуудыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байна.

-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил яг хэзээ дуусч, бүрэн ашиглалтад орох вэ?

-Дарханы замыг Азийн хөгжлийн банкны зээлээр буюу хуучин замаа сэргээн засварлах ажлыг ирэх орны аравдугаар сар гэхэд дуусгана. Дархан-Улаанбаатар чиглэлийн хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам нь 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай бөгөөд нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой.  Европын сэргээн босголтын банкны зээлээр баригдах дөрвөн эгнээтэй замын ажлыг 2022 оны арваннэгдүгээр сар гэхэд дуусгана.

-Замуудын өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг хангасан уу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлууд дууссан. Манайхан сүүлийн үед энэ тэндгүй замын нүх тоолдог ажилтай болдог болсон, энэ ажлууд ерөнхийдөө дууссан. Өвөл зам даваа хаагдах үед шуурхай хэсгүүдийг ажиллуулах нөхцөл дээр орон байр болон давс, цас хайлуулах бодисуудаа бэлдсэн байгаа. Ерөнхийдөө замын өвөлжилтийн байдал хангагдсан. Зам даваануудын орчимд яаралтай үед ашиглах элсийг ч байршуулсан. Энэ элсийг зөвхөн зам арчлалтын компани гэлтгүй гулгаа халтиргаа үүсвэл жолооч нар ч авч ашиглах боломжтой.

Ийнхүү маш олон хүний цаг зав, аюулгүй байдлыг алдагдуулж ирсэн Дарханы замын хөдөлгөөн нээгдэж, жолооч нар ая тухтай зорчих боломж нээгдлээ. Гэхдээ салбарын мэргэжилтнүүдийн хэлж буй ЗОРЧИХ ДЭЭД ХУРД 60КМ гэсэн зөвлөмжийг дагаж, холын замд анхаарал болгоомжтой зорчоорой. Ялангуяа асфальтаар хучаагүй 2 болон 4 дүгээр хэсгүүдэд онцгой анхаарал болгоомжтой явахыг хүсэж байна. Хэдийгээр сайжруулсан зам хийгдсэн ч гэлээ хөдөлгөөний эрчим ихтэй зам тул хэт хурдалж, тоос босгон үзэгдэх орчинг сааруулах нь таны болон бусдын амь насанд халтай байхыг үгүйсгэх аргагүй.

Монголчууд сайн явж ирсэн үү гэж асуудаг болохоос хурдан явж ирсэн үү гэж асуудаггүй билээ ...

Жолооч таны аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөе.

П.Нарандэлгэр

5 2 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

4 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
4 Жил

60 km tsag hurdtai hurdny zam gej wu bdag bnaa? Zamyn tumur hashlaga, gerel oilgogchgvi wm bna. Shunu bol buun osol boloh ni ee. Tumur hashlagatai bol hen durtai ni… Цааш унших

Зочин
Reply to  Зочин
4 Жил

Монголд хурдны зам ганц Хөшигийн хөндийн шинэ нисэх рүү л байгаа. Дарханы зам бол хатуу хучилттай 4 эгнээтэй зам юм.

Зочин
4 Жил

зам тээврийн яам яг хэцүү үед зөв сайдтай болж амжилт хүсэе

Зочин
4 Жил

Yast melhiin hurdaar molhoj bn da.

Back to top button
wpDiscuz
4
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version