НийтлэлFocusШинэ мэдээ

Чин сэтгэл

Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн Агааржуулалтын дэд хэсгээр ороход бэлдцийн үйлдвэрлэл явагдаж байгаа хэр нь цаанаа л цэмцгэр. Ажлын байрны өнгө будаг нь тодхон, хана, хаалга, шал гээд огтхон ч өөгүй. Дулаан, агааржуулалтын труба хоолойнууд нь хүртэл чамин. Арчаатай айлын гэр мэт. Хэсгийн ахлах мастерын хэлснээр орчны тав тухыг бүрдүүлэгч нь сантехникийн засварчин Дэмчигийн Дэлгэрсайхан гэнэ.

Унасан, мултарсан, халцарсан, цоорсон, эвдэрсэн бүхнийг сэлбэн засах чимхлүүр ажлыг тэр өөрийн санаачилгаар, хэнээр ч хэлүүлэлгүй гүйцэтгэнэ. Түүний хариуцдаг дулааны узелийн өрөө үйлдвэрийн газрын хэмжээнд үлгэр жишээ.

Бусад газрынх зэвэрсэн шугам хоолой, ноолорсон эрчлээс бүхий чийг үнэртсэн, бүгчим умгар өрөө байдаг бол эднийх гутлаа гишгүүрт нь хэдэнтээ арчиж ормоор, гэгээ татсан, цэлгэр өрөө угтана. Шугам хоолойнуудыг гялгар цагаан төмрөөр уйгагүй бүрсэн нь нэн гоёмсог. Хаалтуудыг тод өнгөөр будсан нь шигтгээ адил харагдана. Энэ бүхнийг үзүүлэхдээ тэр илүү үг дуугарсангүй. Гагцхүү өөриймсөг сэтгэлийн үрээр цогцолсон ажлынх нь үр дүн түүний өмнөөс “ярьж” байв.   

Найман хүүхэдтэй өнөр айлын дунд хүү Д.Дэлгэрсайхан 30-аад жилийн тэртээ Завхан аймгийн Завханмандал суманд арван жилийн сургууль төгсөөд хугацаат цэргийн албанд морджээ. Цэргийн эрдэмд шамдахын зэрэгцээ аливааг чин сэтгэлээсээ эмх цэгцтэй, нягт нямбай хийх чадварт суралцсан. Томоотой шар залуу цэргийн албанд татагдсан бол ирэхдээ эр бие жигдэрсэн, эв дүйтэй, басхүү үг дуутай нэгэн болж халагджээ.

Нутагтаа ирсэн даруйдаа мал дээр гарсан ч суурин амьдралд сэтгэл татагдах болж, тэр үеийн залуусын урсгалд нэгдэн Эрдэнэтийг зорьсон. Ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрийн Харуулын албанаас эхэлж, Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны аюулгүй байдлыг 10 жил сахин хамгаалсан юм. Өөр цех, хэсэг дээр харуулд гарах хүсэлт гаргадаг боловч төв цэгээс түүнийг холдуулаагүй нь учиртай. Эдүгээ тавь эргэм насны энэ эрийн био хэмнэл 30 гаруй насны залуу мэт. Өндөрт авирч гараад, үсэрч буух нь хөнгөн.

Цехийнхээ үйлдвэрлэлийн баазын инженерийн шугам сүлжээний хоолой, хаалт арматуруудын засвар, үйлчилгээг тогтмол чанартай хийж, ашиглалтын хугацааг уртасгаж ирсэн. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн агааржуулалтын системийн гэмтэл, зөрчил арилгах дарааллын дагуу шаардлагатай төмөр бэлдэц хийж, угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэдэг нь олон хүний талархал хүлээдэг. Д.Дэлгэрсайханд үүрэг өгсөн бол араас шалгах шаардлагагүй. Хүний “нүүр улайлгахааргүй”, итгэлтэй засварчин.

Хэдийгээр тэр “сантехникийн засварчин” гэх орон тоон дээр ажилладаг ч Агааржуулалтын дэд хэсэгт байрлах 20 гаруй тоног төхөөрөмж бүр дээр гаршсан. Гагнуурчин, бэлдцийн эсгүүрчин, мужаан, зохион бүтээгч, манлайлагч, багш гээд түүнд чадахгүй, хүрэхгүй ажил үгүй. Зэргэлдээх цехийнхэн ажил нь бүтэлгүйтвэл Д.Дэлгэрсайханыг захиалах нь бий. Агааржуулалтын тоноглолын 21 хийц бэлдцийг шинээр санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байна. Тэрээр бүтээмжийн үйл ажиллагаанд хүчээр, идэвхтэй оролцох ёстой гэсэн үүднээс ханддаггүй.

Зүгээр л санаачилсан, чин сэтгэлээсээ хийсэн бүхэн нь бүтээмж байдаг. Гар ажиллагааг механикжуулах, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, ажлын бүтээмж сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, үйлдвэрлэлийн бааз дээр өргөх, зөөх механизмууд байхгүй, суурилуулах боломжгүй үед лист төмөр буулгах, тоног төхөөрөмжийг өргөх, зөөвөрлөх үйл явцыг хөнгөвчлөх хөдөлгөөнт тэргэнцэр хийжээ. Мөн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд эд анги шинээр цутгах хэв хатаахад 5-7 хоног зарцуулдгийг түргэвчлэх зорилгоор үлээх төхөөрөмж хийж байв.

Эднийх хэрэглээний халуун усаа нарны халаалтын системээр шийдсэн. Үүний угсралт, тохируулга, засварын ажлыг тэр хариуцдаг. Зөөврийн ажил хуваарилах өрөөний шалны халаалтын төсөл хэрэгжүүлэхэд мань хүн л гардсан. Иймдээ ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад хоёр жил дараалан бичигдэн шагнагдсан биз. Журмын нөхөд нь Угсралт тохируулгынхныг тэргүүний хэсгийн хэмжээнд хүргэхэд Д.Дэлгэрсайхан хөтөлсөн гэх. Юм хийдэг хүний дэргэд хэн ч зүгээр сууж чаддаггүй.

Шинэ залуу ажилчдыг сурган дадлагажуулах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, ажлын байрны онцлог үйл ажиллагааг таньж ойлгуулах, хамт олны дунд төлөвшүүлэх, бие даан ажиллах чадварт суралцуулахаар багш шавийн гэрээтэй ажилладаг. Түүнийг дагалдсан залуус хамгийн түрүүнд аливаад хандах чин сэтгэл, нягт нямбай хийгээд аж ахуйч зан чанарт суралцдаг нь амьдралд нь ч хэрэг болох насан туршийн боловсрол юм. Д.Дэлгэрсайхан урлаг, спортын авьяастай. Волейбол, сагсан бөмбөг уран тоглоно.

Ажлаа дуусаад усанд орохдоо хүнгэнэтэл сайхан дуулна. Нөхөд нь түүнийг “Манай ванны өрөөний дуучин” гэж хошигнон нэрлэнэ. Ийм л ажлын халуун дулаан уур амьсгал дунд нэр хүндтэй, сэтгэл дүүрэн, санаснаа бүтээж яваа хүн бол Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Дэмчигийн Дэлгэрсайхан юм. Тэрээр Зууны манлай үйлдвэрийнхээ жимээр 25 жил алхахдаа үүрэгт ажлаасаа халин сэтгэж, хийхээр төлөвлөсөн, санаачилж зорьсон бүхэн нь чин сэтгэл байлаа.  

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version