Уул уурхайFocusШинэ мэдээ

Соёл урлагийн цогцолборын бүсгүйчүүд “Цэцэн бэр”-ийн шилдэг болов

     Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулдаг “Цэцэн бэр” тэмцээнд 24 цех нэгжийн уурхайчин бүсгүйчүүд оюуны хүчээ сорин өрсөлдлөө. 10 дахь жилдээ 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Соёл, урлагийн цогцолборын “Одод” баг тэргүүн байрт шалгарч, Спорт цогцолбор, 19-р сургуулийн багууд удааллаа.     

     2011 онд Үндэсний олон нийтийн телевизийн “Элсэн цаг”, Оросын телевизийн “Что, где, когда” нэвтрүүлгээс санаа авч танин мэдэхүйн тэмцээн зохиож эхэлсэн нь өргөжин тэлсээр эдүгээ Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг, оролцох дуртай тэмцээний нэг болжээ. Тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга З.Жаргалмаа, Монгол Улсын гавьяат багш С.Мэнджаргал, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх багш Ч.Уранчимэг нар шүүж, шилдгүүдийг тодруулсан юм.  

     Энэ жилийн тэмцээнд багийн зохион байгуулалт, имидж бүрдүүлэлтээр “Шилдэг өнгө төрх”-тэй багийг шалгарууллаа. Тус номинацийн шилдгээр шинэ, залуу ажилтнаар багаа бүрдүүлсэн “Эрдэнэт” сувиллын цогцолбор тодорсон. Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт ажлууд хойшилсон юм. “Цэцэн бэр” тэмцээн энэ оны төлөвлөгөөт ажлын эхлэлийг тавьж байгааг тэмцээний зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ үеэр шүүгч, оролцогчийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.ЖАРГАЛМАА: 
“ЭНЭ ХҮҮХНҮҮД ҮҮ” ТЭМЦЭЭНИЙГ ЭНЭ САРЫН 11-НД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

-Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо энэ онд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

     -Энэ онд төлөвлөсөн ажлаасаа хамгийн эхэнд “Цэцэн бэр” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн сайхан болж байна. Бид энэ онд уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэрийнхээ 15 манлай гэр бүлийг шалгаруулна. Мөн Эмэгтэйчүүдийн холбооноос зохиодог “Энэ хүүхнүүд үү” тэмцээнийг энэ сарын 11-нд Соёл, урлагийн цогцолборт хийхээр төлөвлөсөн. Энэ тэмцээнд соёл урлагаар дамжуулан эмэгтэйчүүд тулгамдсан асуудлаа гаргаж, нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг.      

“Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн Их эмч Б.АЛГИРМАА: 
“ЦЭЦЭН БЭР”-ИЙГ ГЭРГИЙ ХҮН ОЮУН УХААНААРАА ӨРСӨЛДӨХ ТЭМЦЭЭН ГЭЖ ОЙЛГОДОГ

-Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай багийнхан “Анагаагч” нэрээр энэ жилийн тэмцээнд оролцож байна. “Цэцэн бэр” тэмцээнийг анх зохиогдсоноос эхлээд өнөөг хүртэл оролцсон. Энэ жилийн хувьд залуучуудаараа баг бүрдүүлж, тэмцээний бэлтгэлээ тодорхой хугацаанд хийсэн. “Цэцэн бэр”-ийг би хувьдаа гэргий хүн оюун ухаанаараа өрсөлдөх тэмцээн гэж ойлгодог.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version