ТТӨ-ний анхан шатны оношилгоо, эмчилгээг ӨЭМТ-д хийнэ
Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй, газраар ор дэлгэх шаардлага гардаг. Энэ жилийн тухайд дүүргийн эмнэлэг дээр ирдэг ачааллыг бууруулах зорилгоор гарааны эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх бэлтгэлийг хангаад байна.
Өрхийн эмнэлэгт ирж байгаа ханиад томууны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар оношилж холбогдох тусламжийг үзүүлэх нь, тухайн түвшиндөө томуу тархахаас сэргийлж болох талтай. Тиймээс энэ жил томуу, томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа бодлогын онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах байдлаар дүүрэг, ЭХЭМҮТ-ийн орны ачааллыг бууруулахад чиглэж байгаа.
Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн түргэвчилсэн оношлуур гарааны эмчлгээний хэрэгсэл, эм олгохтой холбоотой сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийтдээ Улаанбаатар хотын 140 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийн 190 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд харин лавлагаа шатны үйлчилгээ үзүүлнэ.
Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвөөс илгээсэн, зайлшгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай зорилтод бүлгийн иргэдэд тусламж үзүүлнэ гэсэн үг. Бүр их хүндэрчихсэн зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд л эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тусламж үзүүлнэ.