Засгийн газарFocusШинэ мэдээ

Агаарын цэргйин командлалд ахиц гарна

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд ажиллалаа. Энэ үеэр Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр Агаарын цэргийн командлалын үүрэг гүйцэтгэл, зэвсэглэл техникийн бэлэн байдал, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, санал солилцсон юм.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь Монгол Улсын агаарын хилийн орон зайг харж, хяналт тавих, шаардлагатай үед хамгаалах үүрэгтэй. Энэ салбарын хувьд шийдвэрлэх ёстой чухал асуудлын нэг бол зэвсэглэл, техникийн шинэчлэлт юм.  Улмаар одоо ашиглагдаж буй зэвсэг, техникүүд нь 40 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглагджээ. Үүнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэдгийг Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцолж байлаа. Гэсэн хэдий ч өнөөдөр Агаарын цэргийн командлал нөөц бололцоогоо ашиглан агаарын хяналтаа бүрэн хэмжээгээр тавьж ажиллаж байна. Тухайлбал агаарын орон зайд нислэг үйлдэж байгаа бүх биет, нисдэг хэрэгслүүдийг харж, хяналт тавьдаг аж. Цаашид зэвсэг, техникийн шинэчлэлийг хийх, сайжруулах, бусад улс орноос цэргийн зориулалттай нисэх хэрэгслүүдийг худалдан авах, энэ чиглэлээр ОХУ-тай гэрээ хэлцэл хийх шаардлага бий. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 2-3 радиолокацын станцыг шинээр худалдаж авах, засвар үйлчилгээг хийлгэх хэмжээний санхүү төсөв хөрөнгийг төрөөс шийдвэрлэхээр болжээ.

Агаарын цэргийн командлалын боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудын ур чадварын асуудал мөн уулзалтын үеэр сөхөгдөж байсан. Боловсон хүчний тухайд ЗХУ-д суралцаж, бэлтгэгддэг хэдий ч нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг салбарын сайд онцлоод, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой бодлого баримтлан алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг олгоод эхэлсэн талаарх мэдээллийг дуулгасан юм.  Түүнчлэн цэргийн инженер, техникийн ажилтнууд зэвсэглэл, техникийнхээ хүчин чадлыг сайжруулахад идэвх, санаачилга гарган ажиллаж, шинийг сэдэж байгааг сайшааж байлаа. Тухайлбал, радиолокацын хяналтын техник хэрэгслүүдийг шинэчлэх, аналоги системээс дижитал болон тоон системд шилжүүлэх ажлыг өөрсдөө хийх хэмжээний мэдлэг чадвартай боловсон хүчнүүд байгааг тодотгосон бөгөөд энэхүү шинэчлэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд Батлан хамгаалахын сайдын хамт БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан болон сайдын зөвлөх Д.Эрдэнэбат нар ажилласан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version