Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдлыг бууруулахад алба хаагчид үр бүтээлтэй ажилласан

Батлан хамгаалах яамны удирдлагууд Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн удирдлага, Засаг даргын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг, Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн тэргүүтэй албаныхан оролцлоо.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нийслэлийн удирдлагад Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн баярын мэндийг хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жилд батлан хамгаалах салбар эрх зүйн орчноо боловсронгуй болгон ажилласан. Ирэх жилүүдэд хууль, эрх зүйн хэрэгжилтийг нь ханган ажиллана. Үүнд нийслэлчүүд болон хотын удирдлагын оролцоо чухал. Батлан хамгаалах салбарын алба хаагчид бүтээн байгуулалтын бүх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа хүүхэд, залууст эх оронч үзэл суулгахаас эхэлдэг. Иргэдэд эх оронч үзлийг хүүхэд наснаас нь суулгасны дараагаар хотын соёлыг ярих учиртай. Хот болон Батлан хамгаалах яамны хамтын ажиллагааны хүрээнд олон асуудлыг шийдсэн. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажилд тус салбарын алба хаагчид үр бүтээлтэй ажилласан. Иймээс нийслэлчүүдийнхээ өмнөөс тус салбарын алба хаагчдад талархал илэрхийлье” гэж онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version