Засгийн газарFocusШинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 334 дүгээр ангид  ажиллалаа. Батлан хамгаалахын сайдын хамт Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаны хүмүүс ажилласан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хүрэлцэн ирэхэд Хүндэт харуул, хөгжмийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа тус нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба нэгтгэлийн түүх, ололт амжилт, бүтэц орон тоо, энхийг сахиулах ажиллагаа болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тохижилт, бүтээлч ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын байр, Соёлын төв, спорт заал, зэвсэглэл, техниктэй танилцан, 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчидтай уулзлаа. Хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчид Батлан хамгаалахын сайдад ар тал ахуй хангалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цэргийн эрдэмд шамдан боловсорно гэцгээв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр рот болон салааны захирагч нарт хандан “Цэргийн анхны дарга гэдэг маш их чухал үүрэгтэй. Та бүхэн гарааг нь хэрхэн тавьж өгнө, тэр жимээр хугацаат цэргийн алба хаагчид маань өсөж дэвжинэ, сурч боловсроно. Тийм учраас цэргийн албаны зөв хандлагыг төлөвшүүлэн, зорилго дүүрэн, аливаад итгэл, сэтгэлтэй иргэн болох алхмыг нь тэгш дүүрэн тавьж өгөөрэй. Миний хувьд анх салааны захирагч хийж байсан тэрхүү дурсамжтай үеэ одоо ч гэсэн үргэлж санаж явдаг юм” гэв. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд тус нэгтгэлийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж Батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “Миний хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 35 дахь жилдээ алба хааж байна. 1911 оноос гэж тооцвол 36 дахь Батлан хамгаалахын сайд, 1990 оноос гэж үзвэл 17 дахь сайд нь. Түүнчлэн цэргийн мэргэжлийн 12 дахь сайд. Салбараасаа төрсөн сайдын хувьд хийх ажил, хэрэгжүүлэх үйл ажиллагаа минь тодорхой. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ирсэн нь танилцахаас илүүтэй хийж хэрэгжүүлэх ажлаа харж, бүтэц зохион байгуулалт нь зөв байна уу, аль чиглэлд дэмжлэг үзүүлэх вэ, засаж залруулах, сайжруулах юу байна гэдэг талаас нь харах зорилготой. Та бүхэн мэднэ. Саяхан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт Батлан хамгаалах салбарт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх есөн том зорилтыг тусгасан. Бид эдгээр зорилтоо хэрэгжүүлэхээр 50 дэд зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 1990 оноос хойших хугацаанд Зэвсэгт хүчин өнгө төрх, хөгжил дэвшлээрээ маш их өөрчлөгдөж, шинэчлэгдсэнийг та бид мэднэ. Та бүхний алба хааж эхэлсэн үетэй өнөөгийн үеийг харьцуулахад маш олон давуу тал нэмэгдсэн байна. Нэн ялангуяа Зэвсэгт хүчиндээ 20-оос дээш жил алба хааж байгаа мөрдэстэй, мөрдэсгүй бүх хүн үүнийг мэдэрсэн байх. Батлан хамгаалах салбар нь төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудаас өөрчлөлт, шинэчлэлийг түрүүлж эхлүүлсэн, түрүүлж хийсэн. Өнөөдөр ч гэсэн хууль, эрх зүйн шинэчлэл болоод дотоод хөгжлөөрөө тэдгээр байгууллагын тэргүүн эгнээнд нь явж байна.

“Цэргийн мэргэжлийн хүний хувьд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ ямар хөрөнгө оруулалт хийх вэ” гэж та нар магадгүй асуух байх. Нэгдүгээрт, салбарын эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын баримт бичиг болоод салбарын бусад багц хууль шинэчлэн батлагдсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд тэрхүү хуулиудаа хэрэгжүүлэхийн сацуу салбарын зарим эрх зүйн актуудыг илүү боловсронгуй болгох ажлыг хийнэ. Тэр дундаа хугацаат цэрийн алба хаагчдынхаа цэргийн жинхэнэ алба хаах орчин нөхцөлийг нь сайжруулах талаар томоохон шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаа хаасан залуусыг нийгэм даяараа дэмждэг, ажлын байр нь хадгалагддаг, төрийн алба нээлттэй хүлээн авдаг, сурч боловсрох, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахад давуу байдал олгодог зэрэг тухайн бэлтгэл үүрэгтнийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хийх болно. Нэг зүйлийг онцлоход, өнөөдөр цэргийн насны залуусын дунд цэргийн албаа хаая гэдэг давлагаа үүссэн байна. 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үед нийслэлийн Баянзүрх болон Налайх дүүргийн цэргийн татлагын товчоодод ажиллалаа. Үүрэг хариуцлагаа ухамсарласан, санаачилга, зорилго дүүрэн залуус олон байгааг харахад үнэхээр сайхан санагдлаа. Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, кибер аюулгүй байдал, барилга-инженер, тусгай хүчин хариуцсан командлал, удирдах газартай болохоор шинэчлэгдсэнийг манай алба хаагчид сонссон байх. Тэгвэл мөн л тэдгээр командлал, удирдах газрыг ЗХЖШ-ын бүтэц, зохион байгуулалтад оруулан байгуулж, үйл ажиллагааг нь амилуулах чухал ажил бидний өмнө хүлээж байна. Өндөр хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчний бүтэц, тогтолцоо манай Зэвсэгт хүчинд бүрдэх боломжтой гэж хардаг юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын хувьд хоёроос гурван шатны дээд сургууль төгсгөн академик боловсрол эзэмшиж байна. Мэргэжлийн ахлагч нар хүртэл дээд боловсролтой. Бие бүрэлдэхүүнд өөрийгөө хөгжүүлж, боловсруулах боломж нь нээлттэй. Бид энэ бааз суурь дээрээ тулгуурлаж эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлэх нь маш чухал юм. Хоёрдугаарт, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн та бүхэн гэхэд үүрээр гэрээсээ гараад үдшийн бүрийгээр харьж байгаа. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажил, албандаа зориулж байгаа та бүхэн тав тухтай орчинд ажиллах ёстой. Энэ утгаараа нэгтгэл, анги, салбаруудынхаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нэн тэргүүний зорилго. Стандартад нийцсэн орчин нөхцөлийг нь хангахад анхаарч ирэх жилээс энэ ажлыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуддаа хэрэгжүүлээд явна. Гэхдээ улс орны эдийн засгаас бүрэн хамаарах учир алга урвуулсан мэт л хурдан хийчихгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бол салбарын удирдлага бидний үүрэг. Харин бусад асуудалд удирдлагын арга барил, алба хаагчдын итгэл, зүтгэл маш чухал, томоохон дэмжлэг болох юм шүү. Дараагийн дугаарт, бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн хамгааллыг дээшлүүлнэ. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуддаа аль болох албан тушаалын орон сууцыг үе шаттайгаар шинээр барих төлөвлөгөөтэй байна. 2021 онд хөрөнгө оруулалтын төсвийг бага ч гэсэн нэмэгдүүлж чадсан. Баян-Өлгий аймагт 150 хүүхдийн цэцэрлэг, ҮБХИС-ийн Академийн болон Номын сангийн зэрэг барилгын ажлууд хийгдэнэ. Зэвсэг техникийн, шинэчлэл ч ялгаагүй хийгдэнэ” гэсэн юм. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойг тохиолдуулан БХЯ-наас олон ажил, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дурдаад тус нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг захив.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид ажилласан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version