ЭМЯFocusШинэ мэдээ

Монгол Улсад короновирусын нийт батлагдсан тохиолдол 340 боллоо

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.28) мэдээллээ өнөөдөр хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 340 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна. Нийт 301 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Гэрийн ажиглалтад найман хүн, сувилалд гурван хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаагаас 20 нь хөнгөн, 8 хүний бие хүндэвтэр байгаа ба нийт 58 хүн ажиглалт тандалтад байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 26-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 93 хүн
  • Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 145 хүн давтан
  • Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 47 хүний давтан
  • Аравдугаар сарын 7-нд Өмнөд Судан улсаас ирсэн 213 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ
  • Энхийг сахиулах ажиллагаанд явах 215 албан хаагчийн урьдчилсан шинжилгээ
  • ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд сэжигтэй тохиолдлоор тусгаарласан 12 хүн
  • Сайн дураар 48 хүн шинжилгээ хийлгэсэн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүн
  • Төмөр замын 10 ажилтан
  • Тандалтын зорилгоор авсан 20 хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 27 хүний давтан, үүрэг гүйцэтгэсэн 67 эмч, ажилтан
  • Баян-Өлгийн аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 24 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарсан” гэв.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.БҮҮВЭЙДУЛАМ: Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх найдвартай арга бол амны хаалтаа зүүж, гараа сайтар угаах, хоорондын зайг баримтлах юм. Амны хаалтыг зөв хэрэглэснээр эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна. Амны хаалтаа зүүхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд хаяж, нэг зүүсэн амны хаалтыг дахин зүүхгүй байхыг зөвлөе.

Үйлчилгээний газрууд амны хаалт зүүхийг шаардаж эхэлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.ЗЭНДМАА: “Улсын онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд бүх үйлчилгээний газрууд иргэдийг амны хаалт зүүх шаардлага тавихыг үүрэг болгосон. Тиймээс иргэд олон нийтийн газар явах, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүгээрэй.

Нийслэлийн хэмжээнд долоо хоногийн мэдээгээр нийт албулаторийн 95 мянга гаруй үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 4004 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 0.7 хувиар буурсан бол өнгөрсөн жилийн мөн үеэс 0.3 хувь нэмэгджээ. Өвчлөгсдийн 57 хувийг 0-4 насныхан эзэлж байна.

Түргэн тусламжийн 40.9 хувийг томуу төст өвчний дуудлага мэдээлэл эзэлж байна. Эмнэлгийн орны дүүргэлт 81.6 хувьтай байгаа бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 90.7 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Нийслэлийн хэмжээнд 264.830 хүн буюу 75.4 хувьтай дархлаажуулалтад хамрагдсан. Арванхоёрдугаар сараас зорилтот бүлгийн өрхийн өвчлөмтгий хүүхдүүдэд гарааны эмчилгээг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Коронавирусийн халдвар авч, эдгэсэн 16 хүнийг хяналтад авсан. Эдгээр хүмүүсээс 10 нь хяналтаас гарч, зургаа нь гэрийн ажиглалтад шилжээд байна” гэв.

Ирэх сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ: “Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нийт 26.192 иргэнийг эх орондоо авч ирсэн. Агаарын замаар 91 улсаас 19.611 иргэн, авто замаар 6581 иргэнийг татан авсан.

Өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардаж, 200 орчим хүн ирнэ. Токиогийн нислэг тусгай үүргийн 100 дахь нислэг болж буй. Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнд, Сөүл хот руу арваннэгдүгээр сарын 3, 12, 13, 18, 20, 27-ны  өдрүүдэд, Токио руу арваннэгдүгээр сарын 11, 25-нд хоёр удаагийн нислэг хийнэ. Ингэхдээ Япон улсад оршин суух зөвшөөрөл авсан иргэдийг хүргэж өгөх юм. Энэ нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авч ирнэ.

Арваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт руу нисэх бол арваннэгдүгээр сарын 2-нд Казахстанд байгаа иргэдээ татан авна.  Энэ оны зургадугаар сарын 2-ны өдрөөс хойш БНСУ-ын Хууль зүйн яам Монголоос гуравдагч улс руу зорчих хүсэлтэй иргэдэд транзит нислэгийн хориг тавигдсан. Энэ асуудлыг БНСУ-ын талтай ярилцаж, цуцлуулах асуудлыг хэлэлцэж байгаа” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version