БоловсролFocusШинэ мэдээ

Сургуулийн цахим платформ нэвтрүүлэхэд хувийн хэвшлийнхэн хамтрана

Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн цахим платформ нэвтрүүлэх ажлын талаар олон нийтэд мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдэд насан туршдаа суралцахуйг дэмжих”-ээр тус тус заасан.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын цахим платформ хөгжүүлж буй компаниудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран боловсролын салбарт цахим шилжилтийг системтэй, үр дүнтэйгээр эхлүүлжээ.

Үндэсний хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 90 байгууллагад сургалтын удирдлагын системийг 3 сарын хугацаанд туршин хэрэгжүүлэхээр Ай Си Ти групп, И Эс Эм, Мэксим консалтинг, Амжилт дотком, Эй плас интернэйшнл, Гэрэгэ системс, ТомЁ Эд Тек зэрэг 8 компани хамтран ажиллахаар Санамж бичиг зураад байна.

Эдгээр компаниуд сургалтын удирдлагын системийг дараах шаардлагыг баримтлах юм. Үүнд:

  • Цахим орчинд видео болон унших, сонсох агуулгыг ашиглах боломжтой байх
    • Онлайн буюу видео чат хэлбэрээр сургалт явуулах боломжтой байх;
    • Суралцахуйн явцыг үнэлэх, хянах хэсэгтэй байх;
    • Багшийн бэлдсэн контент буюу агуулга оруулах боломжтой байх;
    • Дасгал ажил гүйцэтгэх, шалгалт авах боломжтой байх.
    • Удирдлагын тайлангийн хэсэгтэй байх

Боловсролын салбарт цахим шилжилт хийхэд хамтран ажиллах хувийн хэвшлийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж санхүүгийн нэмэлт шаардлага тавилгүй үнэ төлбөргүй зохион байгуулна гэдгийг онцоллоо.

Өмнө нь, боловсролын салбарт 2007 оноос эхлэн мэдээлэл технологийн дэд бүтцийг бүрдүүлэх ажил хийгдэн бүх аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбогдсон. 2013 оноос Боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх иргэдэд цахим мэдээллээр шуурхай үйлчлэх зорилгоор “Боловсролын удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүлээд байна. Өдгөө салбарын тоо мэдээлэл, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл, суралцагчдын ирцийн мэдээлэл, цахим журнал-эцэг эхийн систем, сурах бичиг, теле хичээл зэргийг цахим хуудас гар утасны апликейшнээр дамжуулан хүргэдэг болоод байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version