ОнцлохОрон нутагШинэ мэдээ

Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсч цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.  

Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 м/с хүртэл ширүүсчээ.

Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 м/с, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 м/с хүртэл хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт 3, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт 5, Өмнөговь аймагт 3, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Мөн 20-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гурван иргэн самар түүж яваад нэг иргэн нь төөрч сураггүй болсон тухай дуудлагаар Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулж байх үед тухайн иргэн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдэж, эрлийн ажиллагааг зогсоосон.

Авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгслээр зорчиход аюултай нөхцөл байдал бий болсон тул Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version