Уул уурхайFocusШинэ мэдээ

Шинэ бутлуур ажиллаж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын METSO фирмийн МР-800 бутлуураар шинэчлэн солих ажил амжилттай дуусаж өнгөрсөн долоо хоногт залгалаа. Бутлуурын угсралт, суурилуулалтын ажлыг оны эхэнд төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан гадаадын мэргэжилтнүүд ирж чадахгүй хугацаа алджээ.

Гэсэн ч технологийн үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг 2020 онд багтаан хийхээр зориглон үйлдвэрлэгч талтай онлайнаар холбогдон заавар зөвлөгөө авч, бутлуурын угсралт, тохируулгыг өөрсдийн хүчээр анх удаа хийж төлөвлөснөөс 40 цагийн өмнө ийнхүү ажилд оруулав. Энд Бутлан тээвэрлэх хэсгийн инженер техникийн ажилтнуудаас гадна Д.Наранбаатар даргатай Засварын хэсэг, Засвар угсралтын цехийн хамт олон ажилласан байна. Хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн КМД бутлуур нь цагт 450 тонн хүдэр бутлах хүчин чадалтай байсан бол шинэ бутлуур цагт 700-800 тонн ачаалал авах хүчин чадалтай бөгөөд бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг 12 мм хүртэл буулгах боломжтой. Ингэснээр төв корпус руу өгөх хүдрийн хэмжээ өсөж, тээрмүүдийн цагийн ачаалал нэмэгдсэнээр нэмэлт орлого олох боломж бүрдэж байна.

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version