Жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад”-ны суурьшлын бүсийн иргэд, Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч нарт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/423 дугаар тушаалын дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэшлийн 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тус үйл ажиллагаа нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар богино болон уртын нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүсэд амьдарч байгаа 6000 гаруй хүнийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах зорилготой юм.
Энэхүү тусламж, үйлчилгээ зохион байгуулах үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс -Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Гашуун сухайт авто зам ХХК дэмжин ажиллаж байна.