Эрдэнэт үйлдвэрт аав, ээжийнхээ ажил мэргэжлийг залгамжлан нэр хүндтэй, сайн ажиллаж яваа залуус олон. Тэдний нэг нь Ил уурхайн өрмийн машинч Баатарцогтын Болор-Эрдэнэ юм. “Мэндэлсэн цагаасаа уурхайчны амьдрал дунд өсөж, зовлон, жаргалыг нь мэдэрч, Эрдэнэт үйлдвэрээрээ бахархан, хишиг буяныг нь хүртэж хүний зэрэгт хүрсэн болохоор өөриймсөг сэтгэлээр хичээж ажилладаг. Энэ бол удам дагасан уурхайчин бидний онцлог, бахархалт яс чанар юм” хэмээн ярих Б.Болор-Эрдэнэтэй цөөн хором хуучиллаа.
-Эрдэнэт үйлдвэрт хэдэн онд ажилд орсон бэ?
-Би 2015 оны нэгдүгээр сард аавыгаа гавьяаны амралтад гарахад оронд нь Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт өрмийн туслах машинчаар ажилд орсон. Тэр тусмаа Хөдөлмөрийн баатар Б.Батбаярын 22-р өрмийн бригадад орж, баатар багшийн шавь н.Зоригт гэж хүнийг дагалдан таван жил ажиллаж байна.
-Аавынхаа тухай ярих уу?
-Аав маань 1964 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. 1981 онд Эрдэнэт хотод ирж, нэг жилийн курс төгсөөд Ил уурхайд өрмийн машинчаар 32 жил тасралтгүй ажилласан тэргүүний уурхайчин.
-Аавынхаа ажил мэргэжлийг залгамжлах хүсэл сонирхол хэзээнээс төрсөн бэ?
-Бүр багаасаа л аав шигээ уурхайчин болно, тэр тусмаа өрмийн машин дээр ажиллана гэж ярьдаг байсан болохоор 10-р ангиа төгсөхдөө илүү юм бодоогүй. Аав маань ч Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль руу намайг шууд дагуулж очоод, өрмийн машинчийн курст бүртгүүлчихсэн. Курсээ төгсөх үед Эрдэнэт үйлдвэрт орон тоо байгаагүй учраас ажилд орж чадаагүй. Тэгээд Солонгос явж ажиллаж байгаад ирээд Хамтын гэрээний заалтын дагуу аавыгаа залгамжилж ажилд орсон доо.
-Тэгэхээр аавтайгаа хамт ажиллаж үзээгүй хэрэг үү?
-2003 онд дадлагын оюутан байхдаа аавынхаа туслах болж уурхайд очсон. Дадлагын гурван сарын хугацаанд аавдаа зэмлүүлж, ааваасаа урам авч, ажилдаа хамт ирж, хамт баярлаж, бахархаж ажилласан маань насан туршид бодогдох сайхан дурсамж болон үлдсэн. Хүүхэд байхдаа аавынхаа ажил дээр ирчхээд өрмийн машины удирдлагын хэсгийг их сонирхож хардаг байж билээ. Өрөмдөх гээд штангаа залгаж, салгаж байгаа нь яг л робот хөдөлгөх мэт. Ааваараа, аварга техникээр бахархана. Хүүхэд насны тэр мэдрэмж намайг уурхайчны замд хөтөлсөн байх.
-Аавынхаа хамт олон дунд орж ажиллахад сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?
-Аав маань Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан нэр хүндтэй уурхайчин байсан болохоор муу үгний ард нэрийг нь гаргахгүйн төлөө үргэлж хичээх хэрэг гардаг. Намайг бол хэн ч танихгүй. Зөрчил дутагдал гаргавал Баатарцогтын хүү гэж ярина гэхээс эмээдэг. Тиймээс Баатарцогтын Болор-Эрдэнэ гэдэг нэрийг сайнаар гаргахын төлөө цаг ямагт хичээж, аавынхаа нэрийг туг шиг өндөрт өргөж явна гэсэн бодлоор сэтгэлдээ галтай, тэмүүлэлтэй, зорилготой ажиллаж байна. Энэ л удам дагасан уурхайчдын чиг шугам, амжилтын нууц юм уу даа.
-Хөдөлмөрийн баатар Б.Батбаярын бригад юм байна. Алтны дэргэд гууль шарлана гэдэг дээ…
-Баатар маань бидэнд харамгүй сэтгэлээр зааж зөвлөдөг. Нэгэн цагт өөрөө ч бас хэн нэгнийг дагалдан сурч, мэдлэг чадвар эзэмшин өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор өгөхийн ухаан, сэтгэл дүүрэн байдаг болов уу. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын энэ залгамж чанар үнэхээр гайхалтай. Манай 22-р өрөм 2015 онд 94000 м3 өрөмдөж дэлхийн рекорд эвдсэн. Бахархахгүй байхын аргагүй хөдөлмөрч хамт олон. Харж байхад өөрийн хүүхэд өнгөлөг гэдэг шиг манай бригад л илүү байх шиг санагддаг. Хүн бүрд л тэгж санагддаг байх л даа. Багш нарынхаа зааварчилгааг сайн дагаж, бүтээмж өндөр ажиллахыг зорьж явна. Би таван жил ажиллахдаа ямар нэгэн шалтгаанаар нэг ч удаа чөлөө аваагүй. Болж өгвөл ажилласан жилдээ завсар гаргахгүй бүхий л хүч чадлаараа ажиллана гэж боддог.
-Хамгийн ойрын зорилго..?
-Одоо би V зэрэгтэй, орлон ажиллах машинист. Багшийгаа болон хамтрагчдаа амраадаг гэсэн үг. Ойрын зорилго гэвэл VI зэргээ авч, өрмийн машин дээрээ бие даан ажиллах эрхтэй болох, тэгээд үеийн залуусаа үлгэрлэн манлайлах байна.
-Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.