НийтлэлОнцлохШинэ мэдээ

Төмөр замаа барьж дуусгах түүхэн цаг үе ойртсоор …

Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж, стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон түүхэн цаг үе тохиож байна.

Тодруулбал, 2019 оны 4 дүгээр сард “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлтэй холбогдох, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Одоогоор дээрх төслийн хүрээнд 4300 гаруй хүн ажлын байраар хангагдаад байна. Түүнчлэн энэхүү төмөр замыг даган бий болох суурьшлын бүсүүдэд 14.000 гаруй ажлын байр бий болох эдийн засгийн тооцоо гарсан гэдгийг ч эдийн засагчид онцолж буй. Энэхүү төсөл 2019 оны хавар эхэлсэн бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийг Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчид хийж гүйцэтгэсэн. Тэд үргэлжлүүлэн дээд бүтэц буюу төмөр зам барих ажилд оролцож байна. Үндсэндээ дүн өвлийн гурван сарыг оруулалгүйгээр бусад үед уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчдаа эргэхээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийг зорьсон юм. Мэнэн шаргал говьтой золгох хүртэл хунгарласан цас, тачигнасан жавар салсангүй. Жолоо салгалгүй удтал явахад нэг мэдэх нь ээ, тэнгэрийн хаяа улайж харагдав. Түрүүчийн орсон цас газартаа нэвчсэн бололтой цайсан их тал мөдхөн шаргалтах нь тэр. Замдаа цасанд сууж түр саатсанаа эс тооцвол саадгүй зорчсоор зорьсон газраа хүрлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал П.Доржсүрэн угтсан бөгөөд тус ангийн бие бүрэлдэхүүн их ажлын голыг нь нугалж байв. Өмнө нь ч хэд хэдэн удаа яг ийм л дүр зураг угтсан нь санаанд тодхон буулаа. Тэрээр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн ажил, үүрэг буюу төмөр замын доод бүтцийг заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн тул нэмэлтээр цариг тавих ажилд оролцож байгаа талаар чихэнд сонсголонтой мэдээг бидэнд дуулгалаа. Хошууч генерал П.Доржсүрэн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч байхдаа Асгатын мөнгөний ордын авто замыг бариулж байсан туршлагатай. Уулархаг бас хад, асга ихтэй газар зам барих амаргүй давааны ард гарсан алдар, гавьяа түүнийг үргэлж дагадаг. Ажлаа гарын 10 хуруу шигээ мэддэг, мэргэжил, туршлагын хувьд энэхүү бүтээн байгуулалтад тохирсон хүн гэвэл маргаангүй түүнийг нэрлэнэ.

Тэр хэлэхдээ “Зэвсэгт хүчний 7781 дүгээр анги өнгөрсөн хугацаанд 2.2 сая3 газар шорооны болон нийтдээ 50-иад хоолойн ажлыг хийлээ. Мөн 22 километр төмөр замын царигийг тавьсан. Цаашид гүүр хоолойн ажилд оролцохоор төлөвлөж байна. Энэхүү бүтээн байгуулалтад оролцсоноор Зэвсэгт хүчний алба хаагчид мэргэшиж, дадлагажлаа. Хаана ч төмөр зам тавих чадвартай болсон. Нөгөөтэйгүүр Зэвсэгт хүчин маань сүүлийн үеийн техникүүдээр сайн хангагдлаа. Зэвсэгт хүчний ангиудын хувьд дэд бүтцийг хийж, өртөөний барилга, гүүр барихаас гадна балласт үйлдвэрлэх зэргээр олон талын үүрэг гүйцэтгэж байна. Цаашид ийм бүтээн байгуулалтын ажилд оролцоход туршлагатай болсон” гэлээ. Түүнчлэн бригадын генерал Л.Гансэлэмийн удирдсан 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн хангах ёстой балластаа түргэн шуурхай нийлүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг онцолсон юм. Харин хугацаат цэргийн алба хаагчдын хувьд халагдах өдөр ойртсон тул бүтээн байгуулалтын талбараас хэдийнээ буужээ. Дарга, цэрэг гэлтгүй үүрэг гүйцэтгэж байгаа хүн нэг бүрийн сарын цалин 2 сая төгрөг болно. Халагдсан цэрэг дансандаа хуримтлалтай, ажлын дөртэй болоод гэртээ харина гэсэн үг. Бас монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байгуулсан түүхэн үйл явдлын эзэд гэдэг нэр, алдар ч насан туршид нь дагах биз.

Өмнө нь нэгэн удаа бүтээн байгуулалтын талбарт ирэхдээ “Монгол Улсын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад би бас бидний нөхөд гар бие оролцож явлаа гээд цээж дүүрэн амьсгалж, өөрөөрөө бахархаж суух цаг ирнэ” гэж хэлсэн хэрсүүхэн яриатай шавилхан байлдагчтай уулзаж байснаа гэнэт саналаа.

Ажлын хэсэг төмөр замын цариг тавих ажилтай танилцсаны дараагаар хамт олноо манлайлан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй зүтгэж буй зарим алба хаагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулан өглөө. Шагналыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар болон бусад газар, хэлтсийн дарга нар гардуулав. Энэ үеэр хурандаа Д.Ганхуяг “Зэвсэгт хүчний алба хаагчид маань нэмэлтээр дээд бүтцийн ажилд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр Батлан хамгаалах яамны газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдийг газар орон, бодит байдалтай нь танилцууллаа. Энх цагийн бүтээн байгуулалтад оролцож байгаа алба хаагчид хэрхэн чадварлаг, түргэн шуурхай ажиллаж байгаагаа тод томруунаар харууллаа. Зарим хүнд хугацаандаа амжих болов уу гэсэн асуулт байсан ч Зэвсэгт хүчнийхэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Гол нь богино хугацаанд бага зардлаар. Алба хаагчид маань энэхүү бүтээн байгуулалтаар Зэвсэгт хүчнийхээ нэр төрийг өндөрт өргөсөн. Зэвсэгт хүчний алба хаагчдаараа бахархаж байна” гээд салбарын удирдлагуудаа төлөөлөн талархал дэвшүүлэв.

Мөн хурандаа Ц.Жавхланбаатар “Зэвсэгт хүчний 10 ангийн бие бүрэлдэхүүн энэхүү бүтээн байгуулалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цаашид улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ерөнхий гүйцэтгэгчээр голлон оролцох боломж бүрдсэн. Тухайлбал, төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, дулааны цахилгаан станц болон хийн хоолойн төсөл дээр Зэвсэгт хүчин голлох үүрэгтэй оролцоно. Мөн ойн нөхөн сэргээлтэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа. Цаашид улс орны хэмжээнд хийгдэж байгаа стратегийн томоохон дэд бүтцүүдэд Зэвсэгт хүчнийг түлхүү оролцуулна гэсэн төр, засгийн бодлогыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хэрэгжүүлнэ” гэлээ.

Шагнал нүдээ олно гэдэг юутай үнэн билээ. Шагнал хүртэгсдийн нэг нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын ахлах инженер Г.Ууганбаяр юм. Залуу хүний эрч хүч, дайчин чанар юунд хүрдгийг түүнээс харж болохоор. Ажилдаа нэвтэрхий толь шиг энэ инженер ажлын тэргүүн фронтод зүтгэдэг гэдгийг зан зангаа мэдэлцэх нөхөд нь онцолсон юм.

Түүний баяраас хором хуваалцаад ажлын явцын талаар тодрууллаа. Тэрээр “2019 оны 5 дугаар сараас эхэлсэн газар шорооны ажлын гүйцэтгэл 99.6 хувьд хүрсэн. Түүнчлэн заасан трассын дагуух хоолойн барилга угсралтын ажил дууссан байна. Зэвсэгт  хүчний ангиуд өөр өөрсдийн трассын дагуух газар шорооны ажлыг 100 хувь хийж гүйцэтгэлээ. Жил хүрэхгүй хугацаанд 25 сая м3 газар шорооны ажлыг дуусгасан. Үүний зэрэгцээ 2 зөрлөгийн барилгыг ашиглалтад өгсөн. Харин өртөөний барилгын ажил 50 хувь, үлдсэн 6 зөрлөгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Зэвсэгт хүчний ангиуд үргэлжлүүлэн дээд бүтцийн ажилд оролцож байгаа. 200 километрээс 180 километрт нь төмөр зам тавиад байна” гэлээ.

Ажлын явц, хөдөлмөрийн бүтээмж ямар байх нь алба хаагчид хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг ямар түвшинд сахиж байгаагаас мөн шалтгаална. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албаны сахилга, зохион байгуулалтаасаа гажилгүй үүрэг, хариуцлагаа нэн тэргүүнд ухамсарладаг гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлдэг, нөмөр түшигтэйд нь ч бас талархдаг. Энэ нь ч тэднийг бүтээн байгуулалтын талбарт гарахдаа хэн нэгнээр үглүүлж, “амны уншлага” хийлгэхгүйгээр дор бүрнээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахад нь тусалдаг гэвэл санал нийлэх хүн олон.

Мянга сонсохоор нэг үз гэж, энэ үед ахмад Б.Хүчитбаатар бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгч, хүн нэг бүрийн ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг нь шалгаж байв. Цувж зогссон олон хүн цаг алдалгүй богино хугацаанд зохион байгуулалтад орж аргагүй цэргийнхэн гэдгээ ч харуулаад амжлаа. Анх харсан хүн үүнийг их соргогоор хүлээж авах ч төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлийн нэг нь энэ.

Төмөр замын бүтээн байгуулалтын талаар бичих бүрдээ алба хаагчдаараа бахархаж, шагширч суусан ч тэд ямар нөхцөлд, хэрхэн үүрэг гүйцэтгэж байгааг нь төдийлөн сонирхож байсангүй.

Ахмад Б.Хүчитбаатар Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер аж. Түүний хэлснээр говийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх нь тийм ч амар зүйл биш аж. Салхины эрч л гэхэд тогтоосон хэмжээнээсээ хэтэрвэл өргөх механизмуудаа зогсоож, техникүүдээ тодорхой хугацаагаар унтраахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ нь бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг сахиж байгаа нэг хэлбэр юм.  Ихэнхдээ энд салхины эрч бусад аймгуудынхтай харьцуулахад хавьгүй илүү байдаг гэнэ. Алба хаагчдын хувьд байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг аж. Өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халуун, бороо, цастай гээд аль ч үед ялгаагүй. Налгар намрын өдрүүд холдсон 10 дугаар сард нар эрт буцаж жавар тачигнадаг болсон. Харин алба хаагчдын хувьд 12 дугаар сар хүртэл бүтээн байгуулалтын талбараас буухгүй. Заагдсан үүргээ гүйцэтгэхийн тулд байгалийн араншиг сөрж бас аргаддаг байх гэсэн бодол төрлөө. Ийм тэвчээр, хичээнгүй чанарыг нь цэргийн албатай холбож тайлбарлахаас өөр аргагүй юм.

Мөн ажлын 8 цаг энд 12 цаг болж уртасдаг. Учир нь тогтоосон норм гэж бий. Хамгаалах хувцас, хэрэглэл ч тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Хүнд техник, хатуу эд зүйлстэй харьцаж байгаа тул гутал л гэхэд хоншоорыг нь төмрөөр тоноглосон байх шаардлагатай аж. Мөн техникүүдийн бэлэн байдлыг ч орхигдуулахгүй. Техниктэй харьцдаг хүн байвал эрүүл мэндийн байдлыг нь нэн тэргүүнд тавьж үздэг байна. Энэ мэтчилэн тэдний ажиллах нөхцөл, үүрэг гүйцэтгэлтийн талаар бичээд байвал уншигч та бидний мэдэхгүй зүйл олон. Бид энэхүү бүтээн байгуулалтыг улс орны ирээдүйд гэрэл нэмж, хөгжилд түүчээлнэ гэж хардаг. Харин судсыг нь барьж, гардан гүйцэтгэсэн цэрэг, дайчдаа энэ цагийн эгэл баатрууд гэж нэрлэе.

Төгсгөлд нь зангидаж хэлэхэд, төмөр замын бүтээн байгуулалтад  оролцож буй Зэвсэгт хүчний алба хаагчид ямар их хөлс хүч зарцуулж, юутай нүүр тулж, бас юуг даван туулдаг вэ гэдгийг өгүүлэхийг мөн тэдний үнэ цэнийг бага ч атугай мэдрүүлэхийг зорилоо.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version