Хүүхдийн хоол бэлтгэдэг тогооч нарын ур чадварыг дээшлүүлэв
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Цэцэрлэг, сургуульд эрүүл хооллолт-идэвхтэй дасгал хөдөлгөөний орчин бүрдүүлэх” төслийг 2019 оноос Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Баянхонгор аймгийн 3 дугаар сургууль, 5 болон 6 дугаар цэцэрлэг, Говь-Алтай аймгийн 1 болон 3 дугаар сургууль, Завхан аймгийн 1 дүгээр сургууль, 3 болон 5 дугаар цэцэрлэгт 400 орчим сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлээд байна.
Дээрх аймаг, дүүргийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2020 оноос үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
Сургалтад Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн гал тогоонд ажиллаж буй 25 тогооч, Баянхонгор аймгийн 10 сумын сургууль, аймгийн төвийн 6 сургуульд ажиллаж буй 28 тогооч, төслийн 2 цэцэрлэгийн 8 тогооч, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд ажиллаж буй 36 тогооч, Завхан аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллаж 32 тогооч, төслийн 2 цэцэрлэгийн 5 тогооч нийт 134 тогооч хамрагдав. Мөн Боловсрол, соёл урлагийн газрын сургуулийн өмнөх болон бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэргэжил сургалтын төвийн хоолны технологийн багш, аймгийн төвийн сургуулийн захирал, эмч, нярав, нягтлан бодогч зэрэг 34 хүн хамрагдлаа.
Сургалтад оролцогчдод НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал Монгол улсын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар танилцуулсан бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламханд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан “Үдийн хоол”-ны 66 иж бүрдэл бүхий хоолны жор технологийн гарын авлагыг танилцууллаа.
Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх энэхүү сургалтыг Шим, тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн багш Н.Сугар, Монгол улсын Зөвлөх инженер Ц.Байгалмаа нар удирдан тогооч нарт хоол хүнсний илчлэг тооцоолол хийх аргачлал, хүүхдийн хоолны технологи ажиллагаанд анхаарах зүйлс болон нэг хүүхдийн порцоор хоолны туршилт хичээлийг зааж, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн.
Сургалтад оролцогчид хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах, технологийн картыг зөв мөрдөх, хоолны цэс төлөвлөлтийг түүхий эдийн олдоц, ажлын ачаалал, тоног төхөөрөмжийн хангамжид тулгуурлан боловсруулах, хоолны илчлэг, чанарыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтойг мэдэж авснаар өөрийн сургуулийн гал тогооны технологийн урсгал шугамыг зөв болгох, хүнсний хангамжийг сайжруулах боломжтойг, хоолны илчлэг, шим тэжээл болон өртөг зардлыг бодитой тооцоолох чадвартай болсондоо талархаж, үр дүнтэй сургалт болсон гэж дүгнэсэн.