Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа уламжлаад, Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсыг Монгол Улсын гуравдагч хөрш орон хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн Монгол-Франц Улсын хамтын ажиллагаа улс төр эдийн засаг, нийгмийн салбарт тогтвортой хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын батлан хамгаалах яам хоорондын “Техникийн тохиролцоо”-нд 2014 онд гарын үсэг зурж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Филипп Мэрлин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт чухал салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улстай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг цаашид илүү олон чиглэлд хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдэв.