ЭМЯГадаад харилцааШинэ мэдээ

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого Зөвлөлдөх уулзалт боллоо

Эрүүл Мэндийн Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын зорилго нь Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж цаашид салбар дундын хамтын ажиллагааг хэрхэн хангах талаар зөвлөмж боловсруулж, үндэсний зөвлөл байгуулахад оршиж байгаа юм.

Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ш. Анхмаа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч болон газрын дарга, мэргэжилтнүүд Сангийн яам, харьяа байгууллагын төлөөлөл оролцлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 116/83/45 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050”-ын зорилт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны зорилттой уялдуулан шинэчлэх шаардлагатай байна.

Уулзалтаар Бага насны хүүхдийн хөгжил боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлага, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, сайн туршлагын талаар хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа:
“Улс орны хөгжлийг хангах алсын хараатай улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын илэрхийлэл нь хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах явдал юм. Дэлхий нийтийн хүүхдийн хөгжлийн чиг хандлага бол хүүхдийн хөгжлийг өсч торниж, амьдарч байгаа орчинтой нь хамт цогцоор нь авч үзэх, хүүхдийг тодорхой насанд нь иж бүрэн үзлэгт хамруулж, эрсдэлтэй хүүхдийг илрүүлж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлэхэд түлхүү анхаарал хандуулахыг уриалсан байдаг. Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилт 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдвэр гаргасан.

Тухайлбал, бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон. Манай оронд 2030 он гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилтыг дэвшүүлээд байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй юм.

Иймээс Монгол улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан 2020 оны 52 дугаар тогтоолоор батлуулсан. Энэхүү урт хугацааны бодлогын баримт бичгийн Зорилт 2-д “Эрүүл мэндийн асуудал тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах алс хэтийн бодлогын чиглэл”-ийг тодорхойлсон билээ.

Уг зорилтын хүрээнд дараах үр дүнд хүрэхээр салбарын хэмжээнд зорин ажиллаж байна.

  • товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан
  • сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан үзүүлэлтээр байна.

 Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 жилийн хугацаанд нэлээдгүй олон бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал,

  • “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрвөн удаагийн хөтөлбөр” (1997-2016),
  • “Эхийн эндэгдлийг бууруулах” 2 удаагийн стратеги” (2001-2004, 2005-2010),
  • “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамж стратеги” (2009-2013)
  • “Эх, нярайн эрүүл мэнд стратеги” (2011-2015),
  • “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх стратеги” (2014-2020)
  • “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр” (2014-2020)
  • “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох”
  • “Хүүхдийн өвчний цогц менежмент”,
  • “Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөр”,
  • “Хүүхэд хөгжил, хамгаалал 2002-2010” үндэсний хөтөлбөр,
  • “Эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах үндэсний стратеги”,
  • ”Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй“ стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Энэхүү Уулзалтаар Бага насны хүүхдийн хөгжил боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлага, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, сайн туршлагын талаар хэлэлцэж бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хороо байгуулах, бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогыг шинэчлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсвийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж боловсруулж хэрэгжүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version