Ирэх онуудын эдийн засагт ирэх өрийн ачааллыг буурууллаа
Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегид нийцүүлэн олон улсын санхүүгийн зах зээлд жилийн 5.125% -ийн купонтой 5.5 жилийн хугацаатай 600.0 сая ам.долларын Номад бондыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр арилжаалж, 2021 оны 4 дүгээр сард төлөх Мазаалай бонд, 2022 оны 12 дугаар сард төлөх Чингис бондуудын тодорхой хэсгийг буцаан худалдан авлаа.
Ийнхүү өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ авах нь 2021-2022 онуудад эргэн төлөгдөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулж, эргэн төлөлтийн хугацааг 5.5 жилээр хойшлуулснаар Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал болон төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, гадаад ханшид үзүүлэх ачааллуудыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн шинээр гаргасан Номад бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura гэсэн 4 хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажилласан болно.