Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулагдана

Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Монгол Цэргийн нэгдсэн холбооны тэргүүн, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Батлан хамгаалах салбарын чөлөөнд байгаа генерал, бэлтгэл офицер, ахлагч нарын нийт 380 гаруй ахмад настан оролцлоо.

Батлан хамгаалах салбарын хувьд энэ жилийн ахмадын өдрийг угтаж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар “Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого” цоо шинэ баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулсан байна.

Энэхүү баримт бичгийн хүрээнд ахмад настны эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог идэвхжүүлэх, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна ахмадуудынхаа нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудаа тодорхойлжээ. Уг бодлогын баримт бичгийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, харьяа цэргийн нэгтгэл, анги, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төдийгүй нэн тэргүүнд Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх аж. Ахмадын зөвлөлийг байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа хандан, томилогдсон өдрөөс хойш хийсэн ажлуудаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрээр хэлэхдээ, ” Цэргийн тэтгэвэрт гарсан генерал, офицер, ахлагч нартаа зориулж “Ахмадын өргөө” байгуулна. Ахмадын өргөө байгуулах санал, санаачлагыг та бүхний төлөөлөл гаргасан. Би дэмжиж байгаа, үүнийг хэрэгжүүлснээр Та бүхэн маань цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, санаа бодлоо солилцох, биеэ чийрэгжүүлэх, тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Энэхүү ажлыг бодит үр дүнд хүргэхэд ахмадууд та нартайгаа хамтраад хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

Цаашид БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, цэргийн нэгтгэл, анги, байгууллага өөрийн ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар идэвхитэй ажиллах болно. Зөвхөн жил бүрийн цагаан сарын баяр, Олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлээд болчихдог гэсэн ойлголтыг өөрчилнө.

Жилийн туршид Ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах боломжоор хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ахмадуудынхаа үйл ажиллагаа, амьдрал ахуйд нь туслах, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настанг салбарын бодлого, хууль тогтоомж боловсруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр болон цэргийн алба, амьдралын баялаг туршлагатай ахмад настныг хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажилд зохион байгуулалттай оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллах болно.

Ахмадууд та нарынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах тал дээр ч тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Юуны түрүүнд Цэргийн төв эмнэлэгт цэргийн дээд цолтой болон “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.

Мөн ахмад настнуудыг хүүхэдтэйгээ хамтраад төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц түрээслэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаад байна.
Ирэх онд Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 гээд олон ой тохионо. Батлан хамгаалах яам олон нийтийн дэмжлэг, ард түмнийхээ оролцоотойгоор ойгоо нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж бодож байна. Энэ арга хэмжээний хүрээнд хийх ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний амьд түүх болсон ахмадууд та бүхнийгээ татан оролцуулна.

Та бүхнийхээ цогцлоон бүтээсэн, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам ахиулахын төлөө хичээн ажиллана гэдгээ Та бүхэндээ илэрхийлье” хэмээн онцолоод нийт ахмадууддаа Ерөнхий сайдын гарын бэлэг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагнал, ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим ахмадуудад мөнгөн урамшуулал олгож, Монголын цэргийн нэгдсэн холбооноос гарын бэлэг гардууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version