ЕрөнхийлөгчОнцлохШинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны шууд ангижруулсан төмөр боловсруулах үйлдвэр Бэрэн группийн “Хөх ган” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бэрэн групп нь 2019 онд Эрдэнэтийн төмрийн үйлдвэрийн цогцолборын барилгыг барьж, тоног төхөөрөмжийг угсарч дуусгасан байна.

Тодруулбал, Эрдэнэтийн төмрийн үйлдвэрийн цогцолбор нь төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширмийн үйлдвэр, арматурын төмрийн үйлдвэрээс бүрдэх юм.

Улмаар төмрийн хүдрийн нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилдээ 250 мянган тонн, шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хүчин чадал 100 мянган тонн, ширмийн үйлдвэрийнх 100 мянган тонн, арматурын төмрийн үйлдвэрийн хүчин чадал 200 мянган тонн байна гэдгийг Бэрэн группийн удирдлага танилцуулж байв.

Монголын анхны арматурын төмрийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 40 мянган айлын орон сууцыг барихад шаардлагатай арматурын төмрийг жилд бэлтгэх боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар “Хөх ган” ХК-ийн үйлдвэрийн ширмийг БНХАУ, БНСУ-ын зах зээлд экспортлох боломжтой.

Орхон аймгийн 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Эрдэнэт хотод ажиллах үеэрээ Орхон аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Орхон аймгаас нийт 266 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 14, Хоёрдугаар зэргийн одонг 252 ээжид тус тус хүртээлээ.

Эдгээр ээжүүдийн дотор гурван ихэр хүүхэд төрүүлж Хоёрдугаар зэргийн одонгоо хүртэж буй Баян-Өндөр сумын иргэн Байгалмаагийн Цэрэннадмид байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Энэрэл, хайрын дээд ачит эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, айл гэрийн баяр баясгалан болсон энхрий үрсээ аз жаргал, элбэрэл хайрандаа өлгийдөн бойжуулж, энхрийлэн өсгөж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Ирээдүйн монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж Таны хийж байгаа цаг наргүй  хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнтэй гэгээн үйлс мөн. Ийм ч учраас монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл  үзүүлдэг юм.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, энэ жил засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар  шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр миний бие Орхон аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 266 ээжид гардуулж, Та бүхний амьдралын нандин мөч, баяр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртсэн 14, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 252 ээжид дахин халуун баяр хүргэе!

Мөн гурван ихэр хүүхэд төрүүлж “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо хүртэж буй Баян-Өндөр сумын иргэн Байгалмаагийн Цэрэннадмид Танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон ЭХ хүний ач, гавьяаг төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин тэдний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.

Эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудал төрийн бодлогод тусгалаа олох нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролын түвшинг ахиулах суурь хүчин зүйл болно. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь хамгаас чухал асуудал болоод байна.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.

Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд  Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Орхон аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга  Эрдэнэт хотод ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтав.


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version