НийтлэлОнцлохШинэ мэдээ

Хайрын тамга

Намрын хүйтэн бороонд нэвт норчихоод дагжин чичрэх мэт, хатаж шарласан навчис сэрчигнэн унах тоолонд гуниг төрдөг шиг сэтгэлийн гүнээс уйтгар төрнө. Заримдаа үнэндээ, чангаар хашгирмаар, уйлмаар нүдтэй чихтэй болсондоо харамсмаар, халагламаар, бодохоос ч сэтгэл өвтгөм дэндүү муухай хэргүүд гарах юм. Яаж эх хүний халуун хэвлийд хүн болж мэндлээд, халуун сүүг нь хөхөж хүн болчихоод бодол санаанд багтахын аргагүй хэрэг үйлддэг юм бэ. Тэднийг эх хүнээс төрсөн гэж бодоход ч гомдмоор…

Амьдрал гэдэг мөнхийн тойрогт хүмүүс бид ирж буцахын тавилангаар энэ л цагт нэг үеийнхэн болон оршин байна. Бидний орших энэ дэлхий гариг намайг, таныг ер нь хэнийг ч адлаж хөөдөггүй. Алтан наран энэ дэлхийн хаана ч байсан адилхан элч гэрлээрээ ээж, мөнгөн саран шөнийн харанхуйд өнгө нэмэн биднийг энэ л амьдралын цаг хугацааг элж өнгөрөөхөд минь хамтдаа байдаг.

Хүн болж төрсөн азтай хувь заяаг бид бүгд ижил хүртэх эрхтэй. Тэр эрхийнхээ төлөө бүгд л хичээдэг. Хүн болж төрөөд, хайрлаж, халамжлуулж, хамгаалуулах эрхийг хүүхэд бүр хамгаас илүү хүртэх ёстой. Тийм ч учраас аав ээж болсон хэн бүхэн үр хүүхдийнхээ энэ эрхийг эдлэхэд нь чадах бүхнээрээ туслаж, амрах амсхийх боломжгүй болдог билээ.

Үнэндээ үр хүүхэд гэдэг хэн нэгний цаг зуурын зугаа цэнгэлийн үр дүн биш. Хэн нэгний мартаж орхидог ачаа ч биш. Аав ээж нь болсон хоёр хүний хайрын тамга. Хайрын тамга дарагдсан үнэт эрдэнэ. Үнэ цэнэтэй энэ тамга зарим хүнд хүсээд ч дарагдадгүй тавилан бий. Хайрын үр болсон тэд минь ээжийнхээ хэвлийд 10 сар эрхэлж, энэ орчлонд шинэ амьдрал, шинэ хувь тавилан, шинэ ирээдүй, шинэ итгэл найдварыг бэлгэлсээр мэндэлдэг билээ…

… Алганы минь талд ч хүрэхгүй турьхан жаахан гар хөл, гэрэлтэй газарт гэнэтхэн гарч ирээд анивчин байж орчлонг хараад хамгийн чангаараа шүдгүй буйлаа харуулан байж уйлах дууг сонсох тэр л мөчид “МИНИЙ ХҮҮХЭД, МИНИЙ ХАЙРЫН БУРХАН МЭНДЭЛЛЭЭ” гэж ямар ихээр баярлаж байснаа хэзээ ч мартахгүй. Ээж болох тэр л агшинг, надаас амьдрал үүссэнийг мэдрэх тэр цаг хугацаа мартагдахын аргагүй. Хайрлаж төрүүлсэн үр хүүхдүүдээ өдрөөс өдөрт өсөн том болохыг хараад, өөрийнхөө багын зурагтай харьцуулж, ааваа ээжээ гэж шулганан дуудах бүрийд өр зүрх минь уясан хайлах шиг болдог. Энэ миний амьдрал…

Тэднийг хайрлахгүй байхын аргагүй энхрийхэн, эмзэгхэн. Дэндүү их хайртайдаа тэднийхээ алдаа оноог уучилж, уурлаж загнамаар санагдсан ч ухааруулж ойлгуулахыг илүүд үзэн ярьж зөвлөж, хамтдаа хийж бүтээж, зааж сургаж, урам зориг итгэл найдвар дүүрэн хүн болгодог. Би ганцаараа биш ээ. Мэдээж маш олон ээж аавууд үр хүүхдээ сайн хүн болгохоор хичээн өсгөж, хамгийн сайхнаараа үр хүүхдээ хайрлаж, хамгийн сайнаараа үлгэрлэж байгаа.

Харамсалтай нь, хүний санаанд багатамгүй үйлдэл хийсэн хүмүүс мэдээж тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Тэд та бидний дунд төрж, өсөж, том болж нийгмийн нэгээхэн хэсэг болон амьдарч байгаа. Тэднийг эртнээс таньж мэдэж ад шоо үзэж, гадуурхаж ёстой юу. Эсвэл хүний ёсноос гажууд бодол сэтгэлтэй, хатуу харгис үйлдэлтэй аймшигтай хүмүүс бий болоход юу нөлөөлсөн юм бэ гэдгийг бодох ёстой юу.

Тэдний өссөн орчин, амьдралыг харах хандлага нэг л өдөр бий болохгүй. Маш удаан хугацаанд сэтгэл зүйн болон биеийн ямарваа нэгэн асуудалтай өссөн болохоор тэд өсөж том болохдоо “ХЭН НЭГНЭЭС ХАРИУ АВАХ” хүсэл зорилго тээн амьдралд орж ирдэг. Сэтгэл зүйчдийн судалгаа ч үүнийг батална.

Өнөөдөр та бид сонссон дуулсан, үзсэн харсандаа цочирдож, нийгмээрээ тэднийг үзэн ядан буруутгаж, хэн нэгэн буруутныг хайж адлаж болно оо. Гэхдээ зүрх базлуулж, бодол ээдүүлсэн тэдний тухай бодохоос илүүтэй ирээдүйд өсөн өндийж байгаа үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлэхэд аав ээжүүд минь, томчууд минь анхаарлаа хандуулцгаая гэж уриалмаар байна.

Таны хүүхэд аз жаргалтай өсөж байна уу. Таны хүүхэд таньтай илэн далангүй харилцаж чадаж байна уу. Та хүүхдээ сонсож байна уу . Та хүүхэддээ цаг гаргаж хүн байх ухаанд сургаж байна уу. Та хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж чадаж байна уу. Таны хүүхэд бусдыг хайрлах сэтгэлтэй хүн болон өсөж байна уу. Та хүүхэддээ бусдыг хүндлэх ухааныг суулгаж чадаж байна уу. Амьдралаас сайн сайхныг олж хардаг нүдтэй болгож чадаж байна уу

гээд л маш олон асуултыг томчуудаас асуумаар байна. Магадгүй та эдгээр асуултуудад ТИЙМ, ЗАРИМДАА, ҮГҮЙ гэдэг харилтууд өгнө.

Гэхдээ энэ асуултууд маш чухал. Яагаад гэвэл биднийг энэ амьдралаас явахад ард минь ҮР ХҮҮХЭД Л ҮЛДЭНЭ. Мөнхийн биш амьдралд МӨНХ АМЬДРАХ мэт үр хүүхдээ хэт эрхлүүлж, буруу зөрүүг нь ялгахгүй хүүхдээ өмөөрч, бусдыг хайрлах сэтгэлгүй БИ Л БОЛЖ БАЙВАЛ, БИД Л БОЛЖ БАЙВАЛ БОЛЛОО гэж сургах юм бол таны дараа тэд амьдралын нугачаанд бүдэрч унадаг юм. Энэ бол амьдралын тойрог дахь ҮНЭН.

Тиймээс та үр хүүхдийнхээ ирээдүйд амьдрах нийгмийн төлөө өнөөдрөөс эхлэн өмнөхөөсөө илүү хүнлэг байж, бусдад өгөөмөр сэтгэлээр хандаж, амьдралын хамгийн сайн сайхныг бодож, хайртай хүмүүстээ хайрыг харамгүй түгээж яваарай. Таны гэр бүлдээ зориулж буй хайр, амьдралд хандаж буй хандлага, үр хүүхэддээ зарцуулсан цаг, зөв үлгэрлэл, эерэгээр өөрчлөлт тань бидний үр хүүхэд ирээдүйд амьдрах нийгмийг бүтээх юм.

Та бид өөрчлөгдөхгүй бол хайртай үр хүүхдийн тань амьдрах ирээдүй өөрчлөгдөхгүй. Тэдний төлөө, тэднийг амьдруулахыг хүсч байгаа сайхан нийгмийг бүтээхэд бидний хичээл зүтгэл, оролцоо маш чухал. Яагаад гээч. Учир нь хүнлэг ардчилсан нийгмийг бүтээх гэж байна гээд ХҮН ЧАНАР ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭ гээчихсэн. ӨНГӨ МӨНГӨ ӨМСӨЖ ЗҮҮХЭД хэт дуртай болчихсон. Мэдээж бүх хүн тийм биш. Гэхдээ ҮНЭТЭЙ УТАС шүтэж, ҮРЭХ МӨНГӨНД шунаж, ӨНӨӨДРИЙН ЖАРГАЛ МАРГААШИЙН ХАРУУСАЛ авчирахыг мартчихсан яваа хүн олон бий. Тиймээс та өөрчлөлтийг өөрөөсөө хийгээрэй. Таны хайртай хүмүүс, энхрий үрс тань харж байгаа. Үр хүүхдийнхээ амьдрах нийгмийн төлөө та өнөөдөр өөрчлөгдөөрэй.

…Үр хүүхэд гэдэг хэн нэгний цаг зуурын зугаа цэнгэлийн үр дүн биш. Хэн нэгний мартаж орхидог ачаа ч биш. Аав ээж нь болсон хоёр хүний хайрын тамга юм. Тэдний төлөө бүгдээрээ хичээж амьдарья…

Нийтлэлийг П.Нарандэлгэр

3.3 4 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

4 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
4 Жил

Нээрээ л тамга юм даа. Тамга дарсан бол эзэн нь болж хариуцлагатай байцгаая

Зочин
4 Жил

Тийм шүү. Бид ч бас би ирье гээд энэ дэлхийд ээж аав дээрээ өөрсдөө шийдэж ирээгүй. Гэсэн ч эх дэлхийнхээ цээжинд энэ монголдоо бид ижий аав бурхаддаа үр нь болж… Цааш унших

Last edited 4 Жил by Зочин
Зочин
4 Жил

hymyyjil uhamsar mash doroi bainaa hymyyst yaj hyyhdee tamalj alj hadak baina er ni…

Зочин
4 Жил

Мундаг бичжээ, тамга

Back to top button
wpDiscuz
4
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version