“Цар тахлыг хэрхэн хохирол багатай туулах вэ?”
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг /2020.09.24/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна.
Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байна. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32 сая хүн халдвар авч, 25 сая орчим хүн эдгэрч, нэг сая эрдэнэт хүн амь насаа алдсан нь дэлхийн нийт улс орон хүчин чармайлтаа нэгтгэн байж бид энэхүү аюулт халдварыг даван туулж чадна гэдэгтэй хүндэт зочид та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэл төгс байгаа гэдгийг хэллээ.
Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД-19 халдвар дахин илрэх, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа энэ үед уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байгааг гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.
Шадар сайд мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүд бид өнөөдөр та бүхэнтэй хамтран “Олон талт түншлэлийг бэхжүүлэх замаар ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хийж, цар тахалтай тэмцэх талаар нээлттэй хэлэлцэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиг төлвөө тодорхойлох зорилт дэвшүүлэн уулзаж байгааг тодотгосон юм.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга миний бие, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтран КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн багийг хамтран удирдаж, та бүхэнтэйгээ нэг баг болж ажиллахыг санал болгосон.
Мөн Эрүүл мэндийн салбарын Хүмүүнлэгийн багийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар хамтран удирдсанаар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхдээ эрүүл мэндийн салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэгдсэн системтэйгээр хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд уриаллаа.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба