БХЯ, ШУА хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлнэ
Батлан хамгаалах яам , Шинжлэх ухааны академи /ШУА/ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам ба ШУА, тэдгээрийн харьяа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, профессоруудын оюуны болон материаллаг баазад түшиглэн улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөлийг харилцан бүрдүүлж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдөр үзэглэх санамж бичгийн хүрээнд манай эрдэмтэд, судлаачдын төлөөлөл ШУА-ийн Их чуулган болон Бага чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ШУА, харьяа хүрээлэнгүүдийн шугамаар зохиож буй олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, хөтөлбөр, экспедиц, эрдэм шинжилгээний хурал, лекц болон бусад ажилд аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачид оролцох зэрэг өргөн боломж бий болох юм.
Батлан хамгаалахын сайдын хувьд салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгаа, инновацид зарцуулах төсөв хөрөнгийг нэмэх, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээ бэхжүүлэх, цэргийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах шинэ мэдлэг, шинэлэг-оновчтой санал санаачилга, шинэ бүтээл инновацыг байнга дэмжих болно” гэдгийг онцлон тэмдэглэв.
ШУА-ийн ерөнхийлөгч, Д.Рэгдэл хамтын ажиллагааны хүрээнд улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбар дундын төсөл боловсруулж хэрэгжүүлэх, тодорхой асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх чиглэлээр ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай улам нягт хамтран ажиллахаар болсонд таатай байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр, “Г.Сайханбаяр сайд хэлэхдээ “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи инновацын талаар 3 шат бүхий тодорхой зорилт дэвшүүлсэн. Эхний шатанд 2024 он гэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн хэмжээг 4 дахин нэмэхэээр тусгасан байгаа гэлээ. Нэг салбарын зардлыг 4 дахин нэмнэ гэдэг бол амаргүй. Гэсэн хэдий ч Засгийн газар ийм эр зориг гаргаж зорилтоо дэвшүүлсэнд баяртай байна.
Энэ нь эргээд шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд оролцож байгаа хэнийг ч болов хариуцлагажуулж, илүү юм бүтээх их урам зоригоор тэтгэж байгаа. Батлан хамгаалахын салбар, Монгол Улсын ШУА хамтраад хийх ажил их бий. Өмнө нь хамтран ажиллаж байсан туршлага бидэнд бий. Одоо бид шинэ нөхцөл байдал, шинэ засгийн газрын түвшинд энэ хамтын ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлж ажиллая. ШУА-ийн салбар хүрээлэнгүүдэд бүх салбараар ажилладаг судлаачид байдаг. Батлан хамгаалахын салбарт ч эрдэм шинжилгээний томоохон потенциал байдаг. Хоёр салбарын хамтын ажиллагааны эцсийн үр дүнд монгол улс хөгжинө. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө та бүхэнтэй хамтран зүтгэхэд таатай байна” гэсэн юм.
Энэхүү ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ШУА-ийн Тэргүүн дэдерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцов.