Хууль эрх зүйОнцлохШинэ мэдээ

16-17 насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэн дэн буудалд орогнож байсныг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүд буюу 16 настай Т, 17 настай Т нар хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэж урьдчилсан байдлаар нийт 20 удаа гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд орогнож байхад нь илрүүлэн дайчлан баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээдүүд нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаагийн эрүүгийн хариуцлагад татагдаж байсан бөгөөд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлээ Хархорин, Нарантуул захууд болон Урт цагаан зэрэг хүний хөдөлгөөн ихтэй газруудаар явж явуулын иргэдэд хямд үнээр зарж борлуулж, борлуулсан мөнгөөрөө нийтийн байр, зочид буудлуудад амьдарч амьдралын эх үүсгэвэр болгож байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад хараа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд: 6.2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид: 17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж; 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж; 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй. /Энэ зүйлийн тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/17.2 дугаар зүйл.

Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Эх сурвалж: ЦЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version