Уул уурхайЗасгийн газарОнцлохОрон нутагШинэ мэдээ

Ган төмөрлөгөөр дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой

Ерөнхий сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд “БТЕГ”-ын Баянголын төмрийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн уурхайн үйл ажиллагаатай танилцав.

 “БТЕГ” ХХК нь 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дахь Баянгол нэртэй газарт геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж, төмрийн хүдрийн нөөцийг тогтоон улмаар 2007 оноос өнөөдрийг хүртэл төмрийн хүдэр олборлон баяжуулж, экскпортлох үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа аж. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагааг тухайн бүс нутагт байгаль орчин хамгаалах, биологийн нөхөн сэргээлтийн ажилтай нягт уялдуулан төлөвлөлтийн дагуу тасралтгүй авч хэрэгжүүлдэг аж.

“Баянгол” уурхайн төмрийн хүдрийн нийт тогтоогдсон нөөц 132 сая тонн ба таамаглаж буй нөөц ойролцоогоор 150 сая тонн хүрэх магадлалтай гэв. Компани төмөр зам, авто зам, харилцаа холбоо, цахилгаан хангамж, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, 1500 хүний багтаамж бүхий уурхайн цогцолбор амьдрах орчныг бүрдүүлж дэд бүтцээ цогцоор нь бүрэн шийджээ. Нийт ажилчдын 69% нь Сэлэнгэ аймгийн иргэд байдаг бол үүнээс 300 орчим  нь Ерөө сумынх аж.

Уурхайчдын Баянгол уурхайн цогцолбор Хотхон нь 16 мянган м.кв талбай бүхий 18 объекттой, 15 мянган м.кв талбай бүхий зам талбай гадна тохижилтыг хийжээ. Спорт заал, ресторан, эмнэлэг, банк, фитнесс танхим зэрэг , объектууд ажилчдыг гадагш орж, гарахгүйгээр бүх цогцолбороор дамжин явах боломжтой шилэн байгууламжаар холбож өгсөн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь ажилтныхаа эрүүл ахуй , эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах болон нийгмийн баталгааг хангахад ихээхэн эерэг нөлөөтэй аж.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүс Баянгол төмөр замын үйл ажиллагаатай танилцав. Баянгол төмөр зам нь өөрийн төмрийн хүдрийн ачилтаас гадна бусад компанийн уул уурхайн болон өөр төрлийн ачааг өөрийн төмөр замаар тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд дунджаар жилд 5 орчим сая тонн ачааг  “УБТЗ” ХНН-д дамжуулдаг аж. Энэ нь Монгол Улсын нийт төмөр замын тээврийн ачаа эргэлтийн 30 орчим хувийг эзлэдэг байна. Цаашид өөрийн төмрийн хүдэр болон бусад ачааний нийт захиалага 30 хувиар өсөх урьдчилсан ачааны хэмжээ төлөвлөгдсөн гэв. Үүнээс гадна Баянгол төмөр зам нь өөрийн эзэмшлийн вагоноор  “УБТЗ” ХНН-ийн бусад өртөө зөрлөгөөс 2019 онд 2,5 сая тонн ачааг экспорт болон дотоодын тээвэрт тээвэрлэхээр төлөвлөөд буй аж.

Харин Төмөртэйн ордын хувьд, 229 сая тонн нөөцтэй бөгөөд жилд  нийт 5 сая тонн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м/куб хөрс хуулж, 11 сая тонн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мянган тонн цувимал, 1 сая тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн байна.

“Монгол Улсын Засгийн газраас 150 мянган өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ажлыг хөтөлбөртөө тусгасан. Үүнтэй холбоотойгоор арматурыг дотооддоо үйлдвэрлэж, чанартай бүтээгдэхүүнийг барилгын компаниудад нийлүүлэх шаардлагатай.

Тиймээс Монгол Улсын төмрийн хүдрийн гол нөөц бүрдсэн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй уурхайд Ерөнхий сайд болон салбарын сайд газар дээр нь очиж ажиллаа. Улмаар тугамдаж буй асуудлуудад Засгийн газраас шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, онцгойлон анхаарч хамтран ажиллахаа илэрхийлж байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version