Гадаад харилцааЗасгийн газарЭдийн засагШинэ мэдээ

“Цемент шохой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ үндэсний үйлдвэрлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл Цемент шохой” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус үйлдвэр өмнө нь ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортолдог байсан байна. Харин одоо экспорт зогссон гэнэ. Хөтөлийн цементээр баруун бүсийг бүрэн хангах бололцоо бий хэмээн гүйцэтгэх захирал А.Шоовдор хэллээ. Цементийн дөрвөн үйлдвэр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ч өөр хоорондоо уялдаагүйгээс өөрсдийгөө үнийн өрсөлдөөнөөрөө унагаж байгаа гэнэ. Иймээс энэ чиглэлд төрөөс зайлшгүй бодлогоор зохицуулалт хэрэгтэй байгааг тэрээр Ерөнхий сайдад ярьж байв. 37 жилийн түүхтэй ажиллаж буй “Цемент Шохой” ХК энэ хугацаанд 6.7 сая тонн цемент, 1.5 сая тонн шохой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн байна.

“Алтан гадас” одонт Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлжээ. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан байна.

2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи хуурай аргаар жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байгаа ажээ. Тус үйлдвэр нь Хөтөл хотын төр төсвийн 14 албан байгууллага, 67 орчим аж ахуй нэгж, 1275 айл өрхийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усаар ханган 2.5 тэрбумын алдагдлыг хүлээн ажиллаж нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байгаа аж. Тус хамт олны энэхүү амжилтыг Засгийн газрын тэргүүн сайшаан магтаж байв. Мөн тус үйлдвэрийн хувьд дотоодын мэргэшсэн инженер, техникийн ажиллагсадтайгаар үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ. Энэ ч амжилтаараа олон жилийн турш цемент, шохой, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм. Тус үйлдвэрийн хувьд цаашид өндөр хүчин чадал бүхий тээрэм угсарч шохойн утааг багасгах, мөн цемент шохойгоор хийж болох бүх төрлийн бетон хийц эдлэл, барилгын материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах зорилттой ажиллаж байгаа гэнэ. Ерөнхий сайдыг дагалдаж УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нарын албаны төлөөллүүд ажиллаж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version