Блокчэйний маргааш
Аливаа технологийн хувьсгал нь түүхийн туршид нийгэм, соёл, эдийн засгийн хөгжил болоод бидний амьдралд огцом дэвшил, томоохон өөрчлөлтүүд, үйлдвэрлэлийн бүх салбарын ажиллагааг цоо шинэлэг аргаар хурдасгах үйл явцыг авчирч ирсэн.
Хүн төрөлхтөн бид аж үйлдвэрийн гурван томоохон хувьсгалыг туулж, аж үйлдвэрийн 1-р хувьсгалаар механикийн үйлдвэрлэл, уурын машин, төмөр замыг, 2-р хувьсгалаар цахилгаан, масс үйлдвэрлэл, угсралтын дамжлага шугамыг, 3-р хувьсгалаар компьютер, электроник, автоматжуулсан үйлдвэрлэлийг тус тус бүтээж үе шаттай хөгжиж ирсэн гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл бид одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шилжиж байгаа талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумд анх танилцуулсаныг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.
Дэлхийн улс орнуудын удирдлагууд энэ хувьсгалд бэлдэх, стратеги, бодлогоо боловсруулахаар судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг дэмжиж онцгой анхаарал хандуулж байна.
Аж үйлдвэрийн гурван хувьсгалаар хүний ажлыг хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байсан бол 4-р хувьсгалаар хүний оюун ухааны чадамжийг орлох хиймэл оюун ухаанаар үйлдвэрлэлийг удирдах, өөрөөр хэлбэл хүн машинуудыг удирддаг байсан бол, машин машинуудаа юмсын интернэтээр дамжуулан удирдах болно.
Олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, шинжээчид аж үйлдвэрийн дөрөв дэх үеийн шилжилтэд хүчтэй нөлөөлөх гол технологиудыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
- Юмcын интернет (IoT),
- Биотехнологи (Biotechnolgy),
- Ухаалаг гэр (Smart Home),
- Ухаалаг хот (Smart City),
- Их хэмжээний өгөгдөл (Big data),
- Жолоочгүй машин (Driverless car),
- Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence),
- Робот (Robotics),
- Нано технологи (Nanotechnology),
- Блокчэйн (Blockchain),
- Хамтын эдийн засаг (Shared Economy),
- Гурван хэмжээст хэвлэл (3D printing),
- Нейро технологиуд (Neurotechnologies),
- Цахим хийсвэр орчин (VR),
- Цахим бодит орчин (AR).
Эдгээр хувьсгал авчирч буй технологиудаас итгэлцлийн машин гэгдэх Блокчэйн технологийг онцлохын учир нь 90-ээд оны дунд үед интернэт үүсч Дот-ком технологийн тэсрэлт (Dot-Сom boom)-ийн үед гарааны бизнесүүд эрчимтэй цэцэглэж байсан шиг блокчэйн технологид суурилсан инноваци, гарааны бизнесүүд борооны дараах мөөг шиг олширч мэдээллийн технлологийн салбарт бүтээлчээр сүйтгэгчийн (creative disruption) үүрэг гүйцэтгэж, энтрепренёруудыг олноор бий болгож байна
Блокчэйн гэж юу вэ?
Блокчэйн технологийг хүмүүс биткойн буюу цахим мөнгө гэдгээр ихэвчлэн хольж ойлгодог, гэтэл биткойны суурь болох блокчэйн технологийн зөвхөн нэг хэрэглээ нь л крипто зооснууд бөгөөд түүнийг мөсөн уулын зөвхөн ил харагдаж буй хэсэгтэй адилтган ойлгож болох юм.
Бид үнэтэй брендийн зүйлс, гоёмсог эдлэл худалдан авахдаа хэрхэн хуурамч эсэхийг шалгадаг вэ? Үнэхээр жинхэнэ эсэхийг та хэрхэн мэдэж баталгаажуулах вэ? Хэдий брэнд дэлгүүрээс нь авсан ч гэсэн зарсан худалдагч нь ч юм уу, эсвэл тээвэрлэлтийн явцад А зэрэглэлийн хуулбарыг өгсөн байхыг үгүйсгэж чадах уу? Эсвэл сая сая төгрөгөөр үнэлэгдэх давтагдахгүй урлагийн бүтээл ч юм уу, уран зургийг худалдан авахдаа үнэхээр жинхэнэ гэдгийг хэрхэн батлах вэ? Сайн дуураймал хуулбар уу?, эсвэл хулгайлагдсан ч юм уу? Товчхондоо блокчэйн технологи нь эдгээрийг баталгаажуулах боломжийг олгож байгаа технологи юм.
Үйлдвэрлэгч эсвэл эх сурвалжаас нь эхлээд тухайн зүйлийг бий болсон, хадгалсан, түгээсэн, хүргэгдсэн зэрэг бүх л түүхийг хэрэглэгч мэдэж хянах боломжтой болох юм.
Зарим судлаачид, Вэб 1.0-ийн үед мэдээллийн интернэт (Клиент-Сервер технологи), Вэб 2.0-р хэрэглэгчид сошиал сүлжээний хэрэгслүүдээр контентоо үүсгэж, солилцож, их өгөгдлийг бий болгосон бол дараагийн хөгжлийн шат Вэб 3.0-т интернэтийн үнэ цэнийг бий болгох цахим орчинд эзэмшлийг баталгаажуулах, хянах, шилжүүлэх, итгэлцлийг бүрдүүлж байгаа төвлөрсөн бус үйлчилгээний боломжтой шийдлийг блокчэйн олгох боломжтойг онцолж байна.
Блокчэйн нь цахим бүртгэл бөгөөд түүнд оруулах бичилтийг нь цаг хугацааны дэс дарааллаар, өөрчлөх боломжгүй, найдвартай (криптографи, нууцлалын алгоритмуудаар баталгаажсан), байнгын хадгалагдах, бүх бичилтүүдийг хянах боломжтой, тархмал (Peer-to-Peer) хэлбэрээр байршсан бүртгэл юм.
Блокчэйнийг ямар үед хэрэглэх вэ?
Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн сүлжээ (Supply chain)-г хянаснаар хуурамч нийлүүлэлт, залилан болон дундын үнэтэй зуучдыг халах, бүтээгдэхүүн гэх мэт аливаа зүйлсийн эх үүсвэрийг баталгаажуулах, эзэмшлийг баталгаажуулах, дамжуулах, найдвартай устгах боломжгүй бичлэг хадгалах, олон талын оролцогчидтой дундын бүртгэл шаардлагатай үед тус тус хэрэглэх боломжтой гэж мэргэжлийн экспертүүд үзэж байна.
Блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд хэрхэн хэрэглэж болох вэ?
Блокчэйн технологийг бүх төрлийн гэрчилгээ болон тодорхойлолтууд (төрсний, гэрлэлтийн, нас барсны, цагдаагийн газрын ял шийтгэлтэй эсэх, оршин суух, боловсролын г.м), бүх төрлийн эзэмшил, хөрөнгө, бүртгэл (газар эзэмших эрхийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгслийн, нийгмийн даатгалын бүртгэл, эрүүл мэндийн даатгалын бүртгэл, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэл, гэмт хэргийн бүртгэл, сонгуульд оролцогчдын бүртгэл, сонгуулийн саналын дүн, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ) зэргийг гаргах, төрөл бүрийн лиценз, бүх төрлийн зохицуулалтын баримт, барилгын зөвшөөрөл олгох, галт зэвсэг эзэмшигчийг бүртгэх, гэмт хэргийн баримт, нотолгоо бүрдүүлэл хийх, бүртгэх, шүүхийн шийдвэр бүртгэх гэх мэт төрийн үйлчилгээний бүх төрлийн датаг дижитал орчинд давтагдахгүй, өөрчлөх боломжгүй, баталгаажсан цаастай адил мэдээллийн эх сурвалж, цахим өмч болгон ашиглаж болно.
Дэлхийн улс, орнуудын блокчэйний талаар баримталж буй бодлого, стратеги
Дэлхийн улс орнуудын Засгийн газар блокчэйн технологийн бодлого, зохицуулалтын орчин бүрдүүлэхэд уг технологийн талаар мэдлэг хомс, тодорхой ойлголтгүй байдал, төрийн үйлчилгээнд хэрэглэх ач холбогдол, хэрхэн стандарт бий болгох, практикт нэвтрүүлэх боломжтой эсэх зэрэг олон томоохон асуулт, сорилтуудтай тулгарч байна.
Дэлхийн 45 оронд нийтдээ 202 төрлийн блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар хайгуул, судалгаа шинжилгээ хийж стратеги боловсруулах; санаануудыг баталгаажуулах; загварчлах, хөгжүүлэлт, туршилт хийх, инкубаторт хамруулах гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж байгааг Зураг 2-оос дэлгэрэнгүй харж болно.
Олон улсын зарим жишээг онцолбол, Арабын Нэгдсэн Эмират Улс “Эмират улсын Блокчэйн Стратеги-2021” баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сард баталсан бөгөөд түүний гол зорилго нь 2021 он гэхэд төрийн цахим ажил хэргийн 50 хувийг блокчэйн платформд шилжүүлнэ. Ингэснээр хүмүүсийн ажил, амьдралын хэв маягт блокчэйн технологи сайн нийцсэн, үргүй зардалгүй, цаг хугацаа, нөөцийг хэмнэж үр ашгийг дээшлүүлсэн байна гэж үзжээ.
Тус улсын Засгийн газар блокчэйний стратеги хэрэгжсэний дараа 11 тэрбум арабын мөнгөн тэмдэгтээр үнэлэгдэх гүйлгээ, бичиг баримтыг боловсруулах өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, жилийн турш хэвлэх 398 сая бичиг цаас болон 77 сая ажлын цагийг хэмнэнэ гэж тооцоолжээ. Мөн Дубай хотод блокчэйн технлогийг эдийн засгийн шинэ боломж, дижитал инновацийн шинэ давалгаа хэмээн тодотгож шинээр баталсан “Дубай Блокчэйн Стратеги” баримт бичгийн хүрээндээ төр, хувийн хэвшил хамтран “Глобал Блокчэйн Зөвлөл”-ийг байгуулсан ба цаашид хэрэгжүүлэх, нэвтрүүлэх боломжтой шилдэг блокчэйн төслүүдийн талаар олон байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийдэг байна.
“Дубай Блокчэйн Стратеги”-д блокчэйнийг үл хөдлөх хөрөнгө, финтек, банк, эрүүл мэнд, тээвэр, хот төлөвлөлт, ухаалаг эрчим хүч, дижитал худалдаа болон аялал жуулчлалын салбар тус тус ашиглана. Жилд 100 сая бичиг баримтын цаас хэмнэснээр 114 сая тонн нүүрс төрөгчийн (CO2) ялгаралтыг бууруулна гэж тооцжээ.
Блокчэйний маргааш
Блокчэйн технологи нь одоогоор судалгаа, хөгжүүлэлтийн эхэн шатандаа байна.
Ихэнхи улс орнуудын зах зээлд 2022 он гэхэд блокчэйнд суурилсан хэрэглээний програмууд нэвтэрч цаашдын 5-10 жилд өргөн хэрэглээ болж, нийт хэрэглээний 55 орчим хувь нь санхүү, хөрөнгийн зах зээлд байна гэсэн таамаглалыг олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний томоохон компаниуд, шинжээчид онцлон тэмдэглэх боллоо.
Нийгэм, эдийн засаг, бизнест хувьсгал авчрах блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн маргаашийн өдрийг үзэхийг хүссэн глобал марафон гараагаа дөнгөж эхлэн дэлхийн 45 орны Засгийн газар түүнд анхаарлаа нэгэнт хандуулсанаар эхний нэг, хоёр алхамаа хийгээд байна. Энэхүү марафонд дэлхийн улс орнууд хөгжлийн түвшингээсээ үл хамааран ижил, тэгш оролцох боломж бүгдэд нь байна.
Харин, Монгол Улсад блокчэйн технологи бүрэн нэвтэрсэний маргааш ямар байх вэ?
Мэдээж, санхүүгийн салбарт гадаад мөнгөний гуйвуулга, жижиглэнгийн төлбөр тооцоог крипто вальютаар хялбархан хийх боломж нээгдсэн; заавал зууч, брокероор дамжилгүй хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцсон; татварын, даатгалын болон бусад бүртгэл найдвартай баталгаажсан; нотариатад очих шаардлагагүйгээр бичиг баримт, гэрээ хэлцлийг онлайнаар баталгаажуулсан; гадаадад экспортолдог байгалийн үнэт баялагаа Монгол улсаас гаралтай болохыг блокчэйнээр баталгаажуулсан; махны экспортын нийлүүлэлтийн сүлжээ, малын вакцинжуулалтыг бүрэн хянасан; орос, хятад гэх мэтчилэн гадаад улс, орны иргэд худалдаж авсан мах нь манай аль аймгаас гаралтай болохыг гар утсаараа хялбархан мэддэг болсон; ноолуурын нийлүүлэлтэд сүлжээний дундын зуучгүй болж малчид эдийн засгийн илүү ашиг хүртэхээс гадна түүхий эдээ хямд үнээр борлуулдаг болсон; улмаар ноолууран бүтээгдэхүүн хямд үнэтэй болсон; иргэд гар утсаараа сонгууль өгч ухаалаг-цахим засгийн нээлттэй, тунгалаг, хариуцлагатай, хяналттай системээр төрийн үйлчилгээ авдаг болсон зэргээр манай улсын нийгэм, эдийн засаг цэцэглэж, иргэн олон түмний аж амьдрал дээшилсэн байх сайхан маргааш байх бус уу?
Монголчууд бидэнд харьцангуй давуу тал, боломж байна уу? гэвэл байна аа.
Манай улсын ухаалаг гар утас, интернэтийн хэрэглээ дэлхийн дунджаас давсан, дэлхийн улс орнуудтай харьцуулахад цөөн хүн амтай, хүн амын 64 хувь нь 35 хүртэл насны залуучууд байгаа зэрэг нь блокчэйн технологийг сурах, хөгжүүлэх, нутагшуулах ялангуяа улс даяар хэрэглээнд хурдан нэвтрүүлэх, богино хугацаанд туршиж сайжруулах, ашиглахад хүндрэл багатай гэдэг нь тодорхой юм.
Бид улсдаа блокчэйний маргаашийг ойрын ирээдүйд бий болгох уу? эсхүл алсдаа юу? бусад улсыг хүлээгээд дагах уу? эсвэл манлайлан түүчээлэх үү?
Магадгүй, бид нэгдээд өнөөдрөөс төлөвлөж, зорьж хичээж ажиллавал дэлхийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд авч ирэх тэр технологийн хувьсгалын ховорхон тохиолдол, түүх байж болох юм. Томоор харвал блокчэйний маргаашийг үзэх марафонд тэргүүлж чадвал дэлхийн улсууд бидний жишгээс суралцахаар ирэхээс гадна, хөгжүүлсэн технологи, програмын шийдлүүдээ тэдэнд нийлүүлэх, оюуны бүтээмжээ экспортлох таатай боломж бүрдэнэ.
Тиймээс манай улсын Засгийн газраас блокчэйн технологийн судалгааг эхлүүлэх, бодлого, стратегийг батлах, ач холбогдол бүхий салбаруудыг тодорхойлон блокчейн нэвтрүүлэх загвар гаргах, төр хувийн хэвшлийн түншлэл, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж амжилттай туршилтуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зэргээр цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх цаг иржээ.
Бид алхам алхмаар үр дүнд хүрч ажиллавал блокчэйний үнэ цэнэ, нийгэм болон эдийн засгийн ашиг тус нь өнөөгийнхтэй харьцуулашгүй их биз ээ.