“Сэлэнгэ” амралтын баазынхан 300 центнер хүнсний ногоо хураана
Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборынхон энэ намар 300 центнер хүнсний ногоо хурааж авна. Энэ нь өмнөх жилүүдээс 3 дахин их ургац авна гэсэн үг юм. “Ковид-19” вирусын тархалтын улмаас олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан, амралт зуслан зогссонтой холбогдуулан “Сэлэнгэ” амралтын бааз зарим ажилтнуудаа ногоо тариалалтын ажилд хүч нэмэн ажиллуулснаар өнгөрсөн хавар гурван га талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ. Өмнөх жилүүдэд хүн хүчний хүрэлцээнээс шалтгаалан зөвхөн нэг га талбайд тариалалт хийдэг байсан бол энэ жил талбайгаа бүрэн ашиглаж, ургацын хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар, нийт 144 центнер ногоо хурааж авчээ. Ирэх долоо хоногт ургацаа бүрэн хурааж дуусахаар төлөвлөж буй аж. “Манайхан 300 центнер шинэ ургацын ногоо хурааж авснаар “Москва петушки” ресторан, “Сэлэнгэ” катеринг, амралтын бааз, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон улмаар үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг бусад компаниудын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болж байгаа.
Ингэснээр “Ковид-19” вирусын тархалтаас шалтгаалсан хямралын үед өртөг зардал хэмнэх, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна” гэж агрономич Х.Хишигт ярилаа. Мөн хүлэмжид тарьж буй 10 гаруй төрлийн нарийн ногоо тариалалтад амралтын баазын ажилтнууд ээлжээр хуваагдан ажилласан байна. Үүний үр дүнд цех нэгжүүдийн гадна талбайн тохижилтод зориулан 18 мянган цэцгийн үрсэлгээ, 6000 модны суулгац тарьж, нийлүүлжээ.
Тус баазынхан энэ жилээс хүлэмжид тарьсан органик нарийн ногоонуудаа “Русь” хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Мөн үйлдвэрийн харьяаны зочид буудал, халуун хоолны катеринг, “Москва петушки” ресторан, сургууль, цэцэрлэгийн хэрэгцээнд нийлүүлдэг аж. Ингэснээр, оны эхний хагас жилийн байдлаар 5 сая гаруй төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн буюу органик нарийн ногооны борлуулалт хийсэн байна.
М.Балжинням
Фото П.Батцэцэг