Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү нар хамтарна
Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгийг есдүгээр сарын 17-ноос дөрвөн удаа “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд тоглох гэж байна. Хоёр бүлэг, 14 үзэгдэлт энэ жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Улсын драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү нараас гадна залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглох гэнэ.
Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд монголын үзэгчдэд анхлан хүргэсэн бөгөөд жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан билээ. Тэрбээр энэ удаа “Альфа” пост драмын театр байгуулж, “Фауст” жүжгээр нээлтээ хийх гэж байна.
“Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан” гэдгээ залуу найруулагч яриандаа онцолсон юм.
Өнгөрсөн 2018 онд “Фауст” жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Л.Баттулга нар болон Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан түүний хань Г.Урнаа, жүжигчин Н.Оюунчимэг нар тоглож байв.