Уул уурхайОнцлохШинэ мэдээ

Шандын ордод 7094 тууш метр өрөмдлөг хийжээ

Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийнхэн энэ онд Шандын ордод 7000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөснөөс 94 тууш метр илүү өрөмдөж, төлөвлөгөөгөө биелүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт тус газарт ажилласан өрмийн машин техник болон ажлын байраа татан буулгасан байна.

Энэ жилийн өрөмдлөгийн ажил нь Шандын ордын нөөц өсгөх, хүдрийн биетийн хил заагийг тогтоох зорилготой хийгдэж, эхний хоёр цооногийн хил заагийг тогтоогоод байна. Одоогийн байдлаар, Шандын геофизик, геологийн зураглал нь бэлэн болсон бол эрлийн ажил үргэлжилж буй аж.

Мөн эрэл үнэлгээ, хайгуул нь урьдчилсан болон нарийвчилсан чиглэлээр хийгдэнэ. Нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэнээр нөөц тогтоох бөгөөд сүүлийн шатны ажлууд ирэх онд ч үргэлжлэх юм.

     Тус экспедицийн хамт олон дөрөвдүгээр улиралд  Ил уурхайн геотехнологи, нөөц өсгөх гэсэн хоёр чиглэлээр өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Геотехнологийн өрөмдлөгийн хэмжилт, төсөл боловсруулах, лабораторийн гурван төрлийн ажлыг тендерт шалгарсан гаднын байгууллагууд гүйцэтгэх аж. “Өрөмдлөгийн ажлын хүрээнд зургаан төрлийн хэмжилт хийхээр төлөвлөж буй ч  шаардлагатай багаж төхөөрөмжийн гурав нь Эрдэнэт үйлдвэрт байдаггүй.

Геотехникийн ажлын хувьд өмнө нь олон удаа төлөвлөгдөж байсан ч хийгдэж байгаагүй. Манай лабораториуд зөвхөн зэс молибден, хүдрийн агуулгыг тодорхойлдог бол геотехникийн өрөмдлөгөөр уулын чулуулгийн гулсалт, нуралт, физик механикийн шинж чанарыг нь шинжлэх боломжтой. Тиймээс гаднын туршлагатай байгууллагаар төсөл болон дээж боловсруулалтыг хийлгэнэ” гэж Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн ярилаа.

Тус экспедицийн хамт олон оны эхний найман сарын байдлаар геологи хайгуул, талбайн геохими, дээж боловсруулалт зэрэг бүх төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүлэн ажиллаж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version