Уул уурхайЯрилцлагаОнцлохШинэ мэдээ

Б.Баттайван: Анхан шатны удирдлагууд гарын авлагатай болсон

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХэлтэс нь болзошгүй осол аваараас ажиллагчдыг урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалахад анхаарал тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд ямар ажил хийгдэж буй талаар тус хэлтсийн орлогч дарга Б.Баттайвангаас тодрууллаа.  

 -2020 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н чиглэлээр ямар дорвитой ажил хийгээд байна вэ?
-Дөрөвдүгээр шатны хяналт, шалгалтын ажлыг манай хэлтэс удирдан явуулдаг. Бусад гурван шатны хяналт, шалгалтыг бүтцийн нэгжүүд сард, хэсгүүд хоёр долоо хоногт нэг удаа хийж байгаа. Ээлжийн мастер, механикууд өдөр бүр ажиллагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн найман сард Ил уурхай, Аж ахуй, үйлчилгээний цехэд дөрөвдүгээр шатны шалгалт хийгдсэн. Дөрөвдүгээр шатны шалгалтаас гадна ээлжит болон зорилтод хяналт тавьдаг. Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Барилга засварын цех дээр зорилтот шалгалт явууллаа. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлагыг гаргаж өгсөн. Энэ нь илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх зорилготой.

Албан шаардлагыг дээр дурдсан гурван бүтцийн нэгжийн удирдлагад хүргүүлсэн. Зөрчил арилгах явцад хяналт тавиад явж байна. Урьд нь Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н ОНSAAS 1801 стандарт хэрэгжүүлж байсан. Дараа нь ISO 4501:2018 гэсэн шинэ олон улсын стандарт гарсан. Уг стандартыг үйлдвэр аж ахуйн газрууд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа. Тус стандартыг манай үйлдвэрийн газарт нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн асуудал яригдаад зөвлөх үйлчилгээ аваад явж байна. Зөвлөх үйлчилгээний хүрээнд тухайн стандартыг үйлдвэрийн хэмжээнд мөрдөхөд ХАБЭА-н холбогдох дүрэм журмыг шинэчлэх ажлыг хийж байна. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын өгсөн үүрэг чиглэлийн дагуу оны эхнээс манай хэлтэс ХАБЭА-н ажлыг сайжруулах хөтөлбөр гаргасан.

-Хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу? 
-Уг хөтөлбөрийг таван цехэд хэрэгжүүллээ. Энэ ажлын хүрээнд анхан шатны удирдах ажилтнуудын ажлын байранд хяналт тавьсан. Өөрөөр хэлбэл мастер, механикуудын ажлын орчин нөхцөлд нэг сар хяналт тавьж ажиллалаа. Дараа нь хэсгийн дарга нарын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажил хэрхэн явагдаж байгаад анхаарал тавьж ажилласан.

Өнгөрсөн найман сард 13 бүтцийн нэгжийн 67 хэсгүүдэд явагдсан сарын хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Энд бид зөвлөмж өгч, дүгнэлт гаргаж ажиллалаа. Мөн анхан шатны удирдах ажилтнуудад ажил сайжруулах чиглэлээр гарын авлага гаргаж өгсөн. Бид хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа тайланг үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд тодорхой үр дүнтэй ажлууд хийгдсэн. Цаашид ч үр дүнтэй ажлуудыг хэвшүүлээд явна.  

-Өөр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай үйлдвэрийн газрын нэг шинэлэг ажил нь ХАБЭА-н ажилд ажилчдыг нь татан оролцуулах явдал юм. “Манлайлал-Ажилтны оролцоо” сэдэвт арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулдаг. 71300 утсанд ажиллагчдаас ирсэн мэдээллийг долоо хоног бүр авч зохих дуудлагын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт 17 санал хүсэлт ажиллагчдаас ирсэн. Энэ дуудлагаар ирсэн санал хүсэлтийг барагдуулах ажлыг зохион байгуулаад явж байна. Үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Ерөнхий захирал ажлын уялдаа холбоотой ажилладаг, бүтцийн нэгжүүдэд нэг үүрэг өгсөн.

Энэ нь ажиллагчдыг халуун хоолоор хангадаг үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт явуулах болсон. Ялангуяа, хоол үйлдвэрлэлийн компаниудын хүнсний болон махан бүтээгдэхүүний чанарын асуудал чухлаар тавигддаг. Хоол хүнсэнд чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэснээр үйлчлүүлэгч хордлого авах болзошгүй байдаг. Иймээс энэ ажлын хүрээнд хяналт шалгалт явуулаад үр дүнг нь ерөнхий захиралд танилцуулна. ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Оюунгэрэл, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч Батцэцэг, Мөнгөнтуяа, Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Баярмаа нар энэ шалгалтын багт багтсан байгаа. 

– Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Манай хэлтэс, Гамшгаас хамгаалах штабтай хамтраад коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орчны ариутгал цэвэрлэгээ болон ажиллагчдын биеийн халуун үзэх ажилд хяналт тавин ажиллаж байна. Өглөө, оройны ээлжийн бүх ажилчдыг автобусанд нь, үйлдвэрийн ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд нэвтэрч буй ажиллагчдын биеийн халууныг тогтмол үзэж, ажилд гаргаж байна.

Одоогоор, ямар нэг гарсан асуудал алга. “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд 29 хүн байсан. Эдгээр хүмүүсийн давтан шинжилгээний хариу сөрөг гарч эмнэлгээс гарах хүртэл нь хяналт тавьж ажиллалаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ХАБЭА-н сургалт онлайнаар явж байна. Өнгөрсөн долоо хоногт  ХАБЭА-н онлайн сургалтад 294 хүн хамрагдлаа. 

-Зарим ажлын байрны сөрөг хүчин зүйлийн нөхцөлд хэмжилт хийсэн гэж сонслоо. Ямар үр дүн гарсан бэ?

-Гурван ажлын байранд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн асуудал гарсан. Геологи хайгуулын экспедицийн дээж нунтаглагчийн ажлын байранд шуугиан, тоос зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол гарлаа. Ган бөөрөнцгийн цехэд индукцийн нэгдүгээр шугамын орчимд шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх жишээтэй. Цаашид, шуугианыг багасгах техникийн шийдэлд хүрэх арга хэмжээ авах талаар албан шаардлага хүргүүлсэн. Үүнд хяналт тавин ажиллаж байна. 
-Баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version