БоловсролFocusШинэ мэдээ

Нийслэлийн 116 дугаар сургуульд брайль атлас хүлээлгэн өгөв

Барилга, хот байгуулалтын яам нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд Монгол орны газрын зургийг аймаг тус бүрээр нь дэлгэрэнгүй атлас болгон сургалтад хэрэглэхэд зориулсан брайль тэмдэглэгээтэйгээр хэвлэн хүлээлгэн өглөө.

Брайль атлас хүлээлгэн өгөх арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны газар, хэлтсийн дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулахын зэрэгцээ тэдний онцлог хэрэгцээнээс хамааруулан тусгай цэцэрлэг, сургуульд элсүүлэн сургадаг.

Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтын тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангах нь сургалтыг үр дүнтэй зохион байгуулах чухал ач холбогдолтой.

Есдүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн эдгээр брайль атлас нь түүх, газар зүйн хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болох төдийгүй харааны бэрхшээлтэй хүүхэд эх орноо болон эх дэлхийгээ танин мэдэх, бие даан суралцах, суралцах арга барил эзэмшихэд чухал ач холбогдолтой юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд харааны бэрхшээлтэй 121 хүүхэд суралцаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version