Уул уурхайЯрилцлагаБоловсролFocusШинэ мэдээ

Д.Зоригтхүү: Энэ хичээлийн жилд шинээр хоёр сургалтын хөтөлбөр нэмэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон сургалтын үйл ажиллагаа, зорилтын талаар тус сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүүгээс тодрууллаа.

-2020-2021 оны хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?

-Ахлах сургуулийн хичээл 9-р сарын 1-нд эхлэхэд анги танхим бэлэн болсон. Кембрижийн хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр анги танхимыг өөрсдийн хүчээр засварласан байгаа. Одоо сургуулийн байрны хонгилуудын засварын ажил явагдаж байна. Бакалаврын танхимын сургалт 10-р сарын 5-нд эхлэхээс өмнө бүх засварууд дуусах хуваарьтай ажиллаж байна.

-Шинэ хичээлийн жилд танай сургуульд ямар чиглэлээр хэдэн оюутан, сурагч суралцах вэ? Шинээр хэдэн оюутан элсэв? Нэмэлт элсэлт авч байгаа юу?

-Ахлах сургуулийн 9, 10-р ангид тус бүр 20 сурагч элсүүлж, нийт 9-12-р ангид 96 сурагч суралцана. Бакалаврын сургалтын зургаанхөтөлбөрт шинээр 75 оюутан элссэн. Магистрын сургалтын гурван хөтөлбөрт 24 магистрант элсүүлнэ.

-Короновирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан энэ жилийн хувьд хичээлийн хуваарь, хөтөлбөр онцлог хэлбэрээр зохион байгуулагдах болж байна. Энэ дагуу бакалавр, мэргэжлийн сургалт, ахлах сургуулийн хичээлүүд ямар хуваарьтай байгаа вэ? Шинээр ямар сургалтын хөтөлбөр хэрэгжих вэ?

-“Ковид-19” вирусын тархалтаас сэргийлэх зорилгоор бүх багш, суралцагчид эрүүл мэндийн үзлэгт орно. Анги танхимын ариутгал халдваргүйжүүлэлтийн онцгой горим мөрдөж ажиллах болно. Ахлах сургуулийн хичээл 9-р сарын 1-нд эхлэх бөгөөд 7 хоногт 5 өдрөөр хичээллэнэ. Бакалаврын сургалт 8-р сарын 24-нөөс цахимаар эхэлж, 10-р сарын 5-наас танхимаар хичээл орно. Мэргэжлийн сургалтын хичээл 9-р сарын 15-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилээс ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтарсан Барилгын инженер, Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр 1+3 хөтөлбөр эхлүүлсэн. Лекцийн хичээлүүдийг edX платформ ашиглан цахимаар зааж эхлээд байна.

-Өнгөрсөн хичээлийн жил цахим сургалт давамгайлсан. Үүний давуу тал юу байсан бэ? Энэ жилд ч цахим сургалт үргэлжлэх байх?

Хаврын улиралд хичээлийг цахимаар зааж эхэлсэн. Одоо ч гэсэн цахимаар сургалт үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх болно. Цахим хичээл нь оюутнуудад 7 хоногийн дуртай өдрөө 24 цагийн хүссэн үедээ хичээлээ үзэх мөн олон дахин давтан үзэх боломжийг олгож байгаа нь давуу тал юм.

-Технологийн сургууль өнгөрсөн жилээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон өргөжиж байгаа. Ингэснээр бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээнд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-БСШУС-ын сайдын 2020 оны 1-р сарын 16-ны өдрийн тушаалаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байгаа. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх болон Политехник коллежийн үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөл олгогдохоор бүтэц, орон тоонд өөрчлөлт орно. Одоогоор бүтэц орон тоо хэвээр байгаа.

Гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мэргэжлийн сургалтын төслүүд хэрхэн хэрэгжих вэ? Судалгаа шинжилгээний чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Германы Засгийн газрын тусламжаар олон улсын жишигт нийцсэн гагнуурын төв байгуулагдаж байгаа юм. Одоогоор засварын ажил нь хийгдээд дуусах шатандаа орж байна. Шинээр ирэх тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт нь Германд хийгдээд нийлүүлэгдсэн бөгөөд ирэх сард Монгол руу ачигдахаар төлөвлөгдсөн. 2019 онд Азийн хөгжлийн банкны тусламжаар оюутны байрыг нарны эрчим хүчээр хангах төсөл хэрэгжсэн одоогоор сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийгдэж байна. Хаягдлын аж ахуйд хураагдсан элсийг дахин ашиглах боломжийг агаараас тандан судлах судалгаа үргэлжилж байна. Мөн үйлдвэрийн хаягдал элсээр галд тэсвэртэй керамик хавтан үйлдвэрлэх судалгааны ажлын эхний санхүүжилт хийгдээд байна. Хил нээгдэхээр БНХАУ-ын BGRIMM группын судлаачид ирж судалгааны ажил эхэлнэ.

-Энэ онд сургуулийн 45 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдах вэ? Хичээлийн жилд ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?

-Бид боловсролын байгууллагын чанарын удирдлагын стандарт ISO 21001 нэвтрүүлэхээр танилцуулах сургалтыг бүх багш ажилчдадаа явуулсан. Сургалтад инженер техникийн ажилтнуудыг хамруулж,  нэвтрүүлэх бэлтгэл хангаж байна. Кембрижийн хөтөлбөрт зориулсан хоёр танхим болон цахим хичээл бэлтгэх студийг өөрсдийн хүчээр шинээр байгууллаа. Ойн хүрээнд орон нутгийн их дээд сургуулиудын “Дээд боловсролын шинэчлэл-Бүх нутгийн хөгжилд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөсөн ч  “Ковид-19” вирусын тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Бид энэ хичээлийн жилд боловсролын байгууллагын чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлж гэрчилгээ авах, судалгааны ажлын тоо болон цар хүрээг тэлэх, улмаар гэрээт судалгааны ажлаас олох орлогыг эрс нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version