Уул уурхайЯрилцлагаОнцлохШинэ мэдээ

Д.Эрдэнэбат: 830 тэрбум төгрөгийг технологийн шинэчлэл, нийгмийн хөгжил дэвшилд оруулсан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, өнгөрсөн 2019 онд их бүтээн байгуулалтын хоёр дахь ээлжийг эхлүүлж, 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2020 онд энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 830 тэрбум төгрөгийг технологийн шинэчлэл, нийгмийн хөгжил дэвшилд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний багагүй хувийг  нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд эзэлж буй бөгөөд “Уурхайчин” орон сууцны хорооллын төсөл, Соёл, спортын цогцолбор, Ногоон хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтууд баригдаж байна. Тэдгээрийн явц болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагааны талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч Д.Эрдэнэбат дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 -Энэ онд нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн том төсөл хэдийнэ хөдөлсөн. Тодруулбал, “Уурхайчин” орон сууцны хороолол баригдаж байна. Бүтээн байгуулалтын сүүлийн үеийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

      -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг юуны өмнө тодотгоё. Уурхайчдынхаа нийгмийн баталгаагхангах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Бид “Уурхайчин-1” орон сууцны барилгыг ирэх 12 дугаар сард ашиглалтад хүлээж авна. Өнөөдрийн байдлаар, 6 блок барилгаас бүрдэх тус хорооллын эхний 4 блокны  цутгалт хийгдээд байна. Тодруулж хэлбэл, 3 блок цутгамал  бүрэн дуусаж, 2 блок барилгын гадна талын дулаалгын ажил 70-80 хувь, дотор талын өрлөг 50-60 хувь буюу 5-6 давхар хүртэл өрөгдсөн. Цонх угсралт дуусаж, сантехник, цахилгаан угсралт үргэлжилж байна. Гүйцэтгэгч “Хемон констракшн” ХХК-ны ажлын  явцаас харахад,  12 дугаар сарын дунд үе гэхэд эхний 4 блок иж бүрэн баригдаж, хүлээн авахад бэлэн болохболомжтой гэж үзэж байгаа. Хорооллын урд хэсгийн хоёр блокийг “Неман констракшн” ХХК барьж байгаа. 10 давхар бүхий блок барилгын 5-6 давхар хүртэлх цутгалт хийгдсэн. Энэ зун хур бороо элбэг байгаагаас шалтгаалан цутгалтын ажлууд саатах үе байсан ч гүйцэтгэгч компаниуд төлөвлөлт, зохион байгуулалт сайтай шахаж, ажиллаж байна. Ингэснээр эхний ээлжийн 270 айлын “Уурхайчин-1” орон сууцны барилга төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдээд байна. Харин Нимон констракшны барьж буй хоёр блок барилга ирэх оны 6 дугаар сард баригдаж дуусна. “Уурхайчин-2” хорооллын зураг төсөл бэлэн болж, одоо барилгын ажил эхлэх бэлтгэл хангагдаж байна.  “Уурхайчин-3” хорооллын  70 айлын амины орон сууцыг энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 10 сууцны суурийг ухаж, 2 сууцны суурь цутгасан байгаа. Энэхүү “Уурхайчин” орон сууцны төсөл нь нийт 215 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр босож буй маш том бүтээн байгуулалтын ажил. Орон сууцны хорооллын дэд бүтцийн бүх ажлыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийж байгаа бол  орон сууцны барилгыг гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгө, санхүүжилтээр  барьж байгаа юм. “Уурхайчин-2”,”Уурхайчин-3” хорооллууд нэгдсэн  төлөвлөгөөтэй ч явцын дунд хэсэгчилсэн төлөвлөгөө гаргах шаардлагатай болсон. Иймээс манай үйлдвэрийн зүгээс хүсэлт тависны дагуу Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон  ИТХ –н 06 сарын 27-ны өдрийн  хуралдаанаар “Уурхайчин-2,3” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, баталсан. Энэ бол бидний ажилд маш том дэмжлэг болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу манай ажил үргэлжилж байна. Мөн “Уурхайчин-3” хорооллын газрыг анх ойн сан луу түрж олгосон нь байгаль орчны хууль дүрмийг зөрчиж байгаа талаар  Байгаль орчны газраас шаардлага ирүүлсэн. Бид холбогдох байгууллагуудтай уулзаж, хууль дүрмийн дагуу ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр одоо энэ асуудал эмхэрч, шийдвэрлэгдээд байна. Тийм учраас цаашид “Уурхайчин” төслийн ажил ямар нэг байдлаар саатахгүй гэж хэлж болно.

-“Уурхайчин-2,3” хорооллын гүйцэтгэгчээр ямар компаниуд ажиллаж байгаа вэ?

    -“Уурхайчин-2” хорооллын барилгын гүйцэтгэгчээр “Өргөө хаан констракшн”ХХК , “Уурхайчин-3” хорооллын гүйцэтгэгчээр “Люксвүүд грүпп” ХХК ажиллаж  байна.

-Бурхан багшийн сэрэг дүрийн урд дэнжид баригдаж буй Соёл, спортын цогцолбор бас Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар босож буй. Энэ ажлын гүйцэтгэл ямар байна вэ?

-Бөхийн өргөө буюу Соёл, спортын Эрдэнэт цогцолборын барилгыг энэ онд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй. Одоо хоёр давхрын цутгалтын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр манай Барилгын засварын цех ажиллаж байгаа. Одоогийн байдлаар барилгын ажилд ямар нэг хүндрэл, бэрхшээлгүй үргэлжилж байна.

-Ногоон хөгжлийн төвийн тухайд…?

-“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт баригдаж буй Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил эрчимтэй явж байна. Өнөөдрийн байдлаар, А,B,C гурван блокны 2-3 –р давхарын цутгалтын ажлууд хийгдэж байна. Барилгын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа. 

-Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Орос цэцэрлэг барих зорилт бий. Энэ  ажил хэзээ эхлэх вэ?

     -“Уурхайчин” төслийн хүрээнд баригдах орон сууцны гурван хороолол нь 1300 айлын багтаамжтай. Энэ орон сууцанд наад тал нь 4-5 мянган хүн оршин сууна гэж үзвэл манай аймгийн жишгээр бүхэл бүтэн нэг баг үүснэ гэж хэлж болно. Тэгэхээр тэнд уурхайчдынхаа нийгэм соёл, үйлчилгээний барилга байгууламжийг давхар шийдэх шаардлага гарч байгаа. Энэ үүднээс барилгын зураг, төлөвлөгөөнд Орос сургуулийн салбар сургууль, Орос цэцэрлэг, Худалдааны төв барьж байгуулахаар тусгасан. Орос цэцэрлэгийн нэгийг нь  барих  хөрөнгө оруулалт  энэ жилийн төсөвт суулгасан байгаа. Тэгэхээр удахгүй барилгын гүйцэтгэгч компанийг шалгаруулж, бүтээн байгуулалт эхэлнэ гэж хэлж болно. Нийгмийн харилцааны хэлтэс байгуулагдсанаар үйлдвэрийн дэргэдэх бүхий л нийгмийн цехүүдийн үүрэг чиглэлд иж бүрэн судалгаа хийсэн. Судалгаагаар Орос цэцэрлэг болон сургуулийн эрэлт хэрэгцээ их, хүрэлцээ тааруу байгаа гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, манай ажилтнуудын 80 хүртэлх хувь нь хүүхдээ Орос цэцэрлэг болон сургуульд сургах хүсэлтээ илэрхийлсэн байна. Хүүхэддээ гадаад хэл, тэр тусмаа Орос хэлний боловсрол эзэмшүүлэх эрэлт хэрэгцээ харьцангүй өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан гэсэн үг.  Жил жилийн намар Орос цэцэрлэг, сургуульд хүүхдээ элсүүлэх гэсэн аав, ээжийн хүсэлт өргөдөлд дарагддагийг бид бүгд сайн мэднэ. Тиймээс энэ үндэслэлээр Орос цэцэрлэгийн өргөтгөл барих болсон. Нөгөөтэйгүүр, манай үйлдвэрийн дэргэдэх Орос сургууль 980 хүүхдийн багтаамжтай. Гэвч өнөөдрийн байдлаар, хамгийн дээд тал нь 560 хүүхэд хичээллэж байна. Орос сургуульд элсэх хүүхдэд орос хэлний мэдлэгтэй байх гэсэн шалгуур тавигддаг. Гэтэл  Орос цэцэрлэгийн багтаамжаас шалтгаалаад цөөн хүүхэд л элсдэг. Тиймээс сургуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд цэцэрлэгт элсэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх үүднээс эхний ээлжинд 280 хүүхдийн Орос цэцэрлэг нэмж барихад хөрөнгө оруулж байна. Түүнчлэн орон сууцны хорооллын нийгэм соёлын асуудлыг цогц шийдэхэд ч зориулагдана.

-Сургууль, цэцэрлэгийн тухай ярьж байгаа болохоор статусны талаар тодруулъя. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Орос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа Монгол улсын боловсролын хуулийн дагуу өөрчлөгдөх болсон. Энэ асуудал хэрхэн зохицуулагдаж байна вэ?

      -Юуны өмнө манай Орос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалт яг урьдын адил Орос хэл дээр явагдана гэдгийг хэлэхийг хүсэж байна. Учир нь зөвхөн статус л өөрчлөгдсөн гэсэн үг. Эрдэнэт үйлдвэр хамтарсан үйлдвэр байх үед Орос сургууль, цэцэрлэг ч хоёр улсын хамтарсан өмчийн хэлбэртэй байсан. Одоо 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон учраас Орос цэцэрлэг, сургууль ч мөн адил Монгол улсын хуулийн хүрээнд ажиллах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ дагуу бид БСШУЯ болон аймгийн Боловсрол, соёлын газартай олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Орос сургуулиа ямар хэлбэрээр ажиллуулах вэ гэдэг дээр зөвшилцсөн. Нэгэнт тогтсон сургалтын бааз, орос хэлний мэдлэг эзэмшүүлэх туршлага, бааз суурь, арга барилтай нь авч үлдэх байр суурь баримталснаар зөвхөн статусыг нь өөрчилж, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, орос хэлний сургальттай  цэцэрлэг хэвээр нь ажиллуулахаар болсон. Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургууль, Орос хэлний сургалттай 12 дугаар цэцэрлэг гэж нэрлэж, лиценз олгосон. Энд ямар нэг бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, одоо ажиллаж буй 35 Орос багш нар бүгдээрээ ажиллаж байгаа. Бүх хичээл орос хэл дээр явагдана гэдгийг дахин хэлье. Харин Монгол улсын Боловсролын хууль, стандартын  дагуу Монголын түүх, Монгол хэл уран зохиол, Монгол хэл бичиг гэсэн гурван хичээлийг эх хэл дээр заана. Энэ бол олон талын ач холбогдолтой. Монгол хүүхдүүд, Орос сургуульд сурч байгаа ч эх түүх, бичиг соёлоо сайн эзэмших, улмаар элсэлтийн ерөнхий шалгалтын суурь хичээлийн мэдлэгтэй болоход том тус нэмэр болно. Мөн төгсөгчид маань Монгол улсын 12 жилийн  бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө. Өмнө нь манай Орос сургууль  төгссөн хүүхдүүд дотоодын их дээд сургуульд орж чаддаггүй байсан. Яагаад гэвэл, Монгол улсын боловсролын тухай  хуулиар их, дээд сургуульд элсэн суралцах хүүхдүүд маань 12 анги төссөн байх ёстой. Гэтэл Орос сургууль 11 жилийн боловсрол олгодог. Иймээс хүүхдүүд маань дунд ахлах ангиас өөр Монгол   сургуульд шилжин суралцдаг байсан.  Нөгөө талаас, Монгол улсын 12 жилийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ авахын зэрэгцээ ОХУ-н бүрэн дунд боловсорлын гэрчилгээ авч болно. Энэ нь Орос болон Монгол аттестаттай болох, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлэгээр суралцах гээд олон давуу тал эдлэх боломжтой болж байгаа. Энэ бүхнийг манай ажилтнууд, уурхайчид, эцэг эхчүүд сайн ойлгох нь чухал юм. 

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version