Үндэсний мөнгөн тэмдэгтээ соёлтой хэрэглэх нь эдийн засагт тустай
Монголбанкны ОНБМТ-ийн захиралтай мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг хэвшүүлэхэд Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны хүрээнд ямар үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна вэ?
Юуны өмнө хэлэхэд, Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэ онцгой эрхийнхээ хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.
Энэ үүргийнхээ хүрээнд хийж буй ажлуудын нэг нь “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд”аяныг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой гамтай хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэх, мөнгөн дэвсгэрттэй зохистой харьцахад чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг таниулах ажлыг зохион байгуулж байна.
Учир нь Монгол Улсын гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгт нь хэрэглэгчдийн буруу хадгалалт, соёлгүй хэрэглээнээс шалтгаалан муудаж хүчингүй болох асуудал улам бүр нэмэгдсээр байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хил гаалиар зөвшөөрөлгүй гаргах, шашны зан үйлд хэрэглэх явдал түгээмэл байна.
Эндээс үзэхэд иргэдэд мөнгөн тэмдэгт нь улс үндэстний тусгаар тогтнолын билэгдэл, үнэт цаасных нь хувьд хэрхэн зүй зохистой хандах талаар уриалж, мэдлэг мэдээллээр хангах нэн шаардлагатай байна. Аяныг наймдугаар сараас аравдугаар хүртэл хэрэгжүүлэх юм.
Уг аяныг хэр өргөн хүрээг хамруулан зохион байгуулж байна вэ?
Монголбанкны орон нутгийн салбар, хэлтэс болон зарим төрийн байгууллагууд, арилжааны банкуудтай хамтран орон нутаг даяар хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд дээр дурдсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахаас гадна олон нийтэд сүсэг бишрэлийн хэт туйлширсан байдлыг залруулж ойлгуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь юу вэ гэхээр мөнгөн дэвсгэртийг уул, овоо, түүхэн дурсгалт газруудад өргөх хандлага газар авч байгаа нь анхаарал хандуулах асуудал болж байна.
Учир нь мөнгөн тэмдэгт зориулалтынхаа хувьд зөвхөн гүйлгээнд хэрэглэгдэх ёстой атал шашин шүтлэгийн зориулалтаар эзгүй орхигдож байгаа нь зохимжгүй юм. Энэ нь эдийн засагтаа ч байгаль орчиндоо ч сөрөг үр дагавартаа болохыг аяныхаа явцад ойлгуулж, энэ байдлыг дахин давтагдахгүй байхад зорьж байгаа юм. Тиймээс уул, овоонд өргөсөн мөнгөнүүдийг цуглуулах хөдөлгөөн орон даяар өрнүүлж, цуглуулсан мөнгөөрөө сайн үйлсийн аян хийхээр ажиллаж байна.
Үүнээс гадна мөнгөтэй зүй зохистой харьцахад хэвшүүлэх шаардлагатай бас нэг асуудал нь түрийвчний соёлыг түгээх юм. Мөн мөнгөн тэмдэгттэй зөв харьцах, энэ нь мөнгөн тэмдэгтийг үндэсний тусгаар тогтнолын баталгаа болохынх нь хувьд дээр нь бичиж, зурахгүй, жижиглэн нугалж эвхэхгүй байх гэх мэтээр зохисгүй байдлаар хандахгүй байхыг зөвлөх үүний зэрэгцээ иргэдийн санхүүгийн боловсролд зориулж мөнгөө зөв удирдах тухай таниулан сурталчлах олон хэлбэр бүхий мэдээ мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг түгээж байна.
Төгрөгийн насжилт 3.8 жил байгаа нь бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй гэж байна. Тэгэхээр олон улсын жишигт мөнгөн тэмдэгтийн насжилт хэдэн жил байна вэ?
Мөнгөн тэмдэгтийн насжилт 3.8 жил гэсэн тоо бол дундаж үзүүлэлт юм. Том дүнтэй дэвсгэртүүд үүнээс илүү насжилттай, зарим жижиг дэвсгэртүүд 3.8 жилээс ч богино наслах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэмдэгтийн насжилт дунджаар 1 -5 жилийн хооронд хэлбэлзэж байдаг. Энэ үзүүлэлт цаашид нэмэгдэх эсвэл багасах нь нэг талаас олон нийтийн мөнгөн тэмдэгттэй харьцах соёлоос хамаарч байдаг. Олон улсын жишгээс харахад Австрали улсад бага дүнтэй дэвсгэртүүд 5 хүртэлх жил, том дэвсгэртүүд нь 20 гаруй жил гүйлгээнд эргэлддэг гэдэг.
Тэгвэл АНУ-ын долларын дундаж насжилт 9.9 жил байдаг гэсэн судалгаа бий. Төгрөгтэй харьцуулбал даруй 2.6 дахин их үзүүлэлттэй байна. Цаашлаад ам. долларын хувьд гүйлгээнд идэвхтэй ашиглагддаг 5 ам.долларын насжилт 4.7 жил, 100 ам.долларынх 22.9 жил байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн том, жижиг дэвсгэрттэй харьцах хандлага ялгаатай байдгаас насжилтын хувьд ч мөн харилцан адилгүй байдал үүсдэг нь олон улсын жишээн дээрээс харагддаг. Үүнд хэрэглээний соёл их нөлөө үзүүлдэг гэдгийг давхар хэлэх хэрэгтэй.
Мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд бүхий л шатанд зардал их гардаг гэдэг. Гэтэл ингэж зардал гаргаж хэвлэсэн мөнгө хэтэрхий хурдан элэгдэхээр улсын эдийн засагт ч сөрөг нөлөөтэй байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Зардалтай холбоотой гол асуудал нь мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээтэй холбогддог. Нэгдүгээрт, иргэд мөнгийг нугалах, базах, урж тастах, юм бичих зэргээр зохисгүй харьцсанаас болж гүйлгээн дэх хуучирсан, хиртсэн, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт дахин ашиглах боломжгүй, муу мөнгөн дэвсгэртийн тоо хэмжээ улам л ихэссээр байгаа.
Эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг устгахаас өөр аргагүй болдог. Хоёрдугаарт, сүсэг бишрэлийн зорилгоор газарт булсан, суварга босгоход хийсэн, уул овоонд өргөсөн жижиг дэвсгэртүүд зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж байна гэсэн үг юм. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийг зориулалтын бусаар ашиглах, зохисгүй харьцсанаас үүдэн дахин хэвлүүлэх шаардлага гарч зардал ч нэмэгддэг.
Мөнгөн дэвсгэрт бүтэх үйл явцаас эхлээд устгахад хүртэл зардал гардаг гэдэг нь маш ойлгомжтой тул үндэсний мөнгөн тэмдэгтээ соёлтой хэрэглэж хэвших шаардлагатай байна.
Ярилцсанд баярлалаа.