УИХОнцлохШинэ мэдээ

Төсвийн байнгын хороо гурван асуудлаар хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 13 цаг 37 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.  

    Эхлээд Засгийн газраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно гэсэн дэгийг хуралдаан даргалагч танилцуулснаар хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хууль санаачлагаас асуулт асууж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.

    Энэ үеэр хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн  тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал, дүгнэлт гаргасан учир Байнгын хорооны гишүүдэд нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор Ажлын хэсгээс санал, дүгнэлтээ танилцуулахыг хүсэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн  тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажиллуулсан.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн үйл ажиллагаа удааширч, макро эдийн засгийн төлөв байдал өөрчлөгдсөнөөр дунд хугацааны төсвийн үндсэн үзүүлэлтүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн  үндсэн үзүүлэлтүүд мөн биелэгдэх боломжгүй байна.

    Иймд 2020 оны улсын төсвийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг зөрчихгүйгээр боломжит хэмжээнд төсвийн  орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг төлөвлөж Улсын Их Хуралд төсвийн төслөө өргөн мэдүүлэх хууль зүйн боломжийг олгох үүднээс Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор төслийн 1 дүгээр зүйлд нэмэлт оруулан хуулийн 19.9, 19.3 дахь хэсгийн үйлчлэлийг бүхэлд нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол баталж, үүнд Засгийн газарт Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2021 онд 5.1 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь 2024 оны төсвийн жилээс 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл баримталж ажиллахыг Засгийн газарт даалгах, эсхүл хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна гээд Монгол Улсын 2020, 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тооцоололд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

“Төслийн гарчгийг Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах” гэж өөрчлөх саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжив.

Мөн “Төслийн 1 дүгээр зүйлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.9 дэх хэсгийг мөн хуулийн 8.1-д заасан тохиолдол арилах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжлээ.

Түүнчлэн “Төсөлд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “2023 оны” гэснийг “2024 оны” гэж, 19.2 дахь хэсгийн “2021 оны” гэснийг “2022 оны” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг тогтоосон хугацааг “2020 онд” гэснийг “2021 онд”, “2021 онд” гэснийг “2022 онд” гэж, “2022 онд” гэснийг “2023 онд” гэж, “2023 онд” гэснийг “2024 онд” гэж хойшлуулан мөрдсүгэй гэсэн 2 дугаар зүйл нэмэх” саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.  

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийнанхны хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар зарчимын зөрүүтэй санал гаргалаа.

Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн асуулт асууж, хариулт авлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар шийдвэрлэлээ.

    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух шаардлагагүй гэж гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж,  гишүүдийн олонх дэмжлээ.Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын ИХ Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version