БоловсролОнцлохШинэ мэдээ

ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад зориулан зөвлөмж гаргалаа

Коронавируст халдвар \КОВИД-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь хүүхэд хамгааллын томоохон асуудлын нэг тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А\17 тоот тушаалыг үндэслэн зөвлөмжлөх нь:  

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан “ЕБС-ийн орчин дахь Хүүхэд хамгааллын бодлого”-ын дагуу өнгөрсөн хичээлийн жилд бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал дэргэдээ “Хүүхэд хамгааллын баг” байгуулан ажилласан. Одоо тус багийг нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, анги удирдсан багш, мэргэжлийн багш нарын төлөөлөл, эцэг эхийн төлөөлөл, нярав, номын санч, дотуур байрын багш, үйлчлэгч, сургуулийн жижүүр зэрэг холбогдох албан тушаалтнаар өргөжүүлэн ажиллуулах;
  2. Хүүхэд хамгааллын багийн гишүүн бүрийг холбогдох үүргээр ханган ажиллахыг түр журмын дагуу хариуцан ажиллах;
  3. Хичээл, сурлагын хоцрогдолтой хүүхэдтэй ажиллахад анги удирдсан багш, мэргэжлийн хичээлийн багш нартай хамтран суралцагчдыг анхааралтай сонсож, суралцах тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд хүндэтгэлтэй хандах талаар зөвлөн тусалж ажиллах;
  4. Сургуулийн эрсдэлийн судалгааг дахин хянаж, нарийвчлан бага эрсдэлтэй сурагчидтай  анги удирдсан багш, дунд болон өндөр эрсдэлтэй сурагчидтай сургуулийн нийгмийн ажилтан өөрөө болон мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт тавьж ажиллах;
  5. Эрсдэлийн үе дэх сурагч, гэр бүлийн судалгааг нарийвчлан гаргаж,  дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг цаг алдалгүй төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгуллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг авч  хамтран зохион байгуулах;
  6. Хичээл, сургалтад ирэх боломжгүй байгаа сурагчийн  гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тоог анги удирдсан багштай хамтран гаргаж, шалтгааныг тодруулан шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;  
  7. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд анхаарал татсан, зайлшгүй дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай гэр бүлийг анги удирдсан багштай хамтран тодруулж, зөвлөн туслах, бусад байгууллага, иргэд, олон нийттэй холбон зуучлах ажлыг зохион байгуулах;
  8. Дотоодын болон гадаад улсын сургуулиас шилжиж ирсэн, дотуур байранд амьдардаг, бусад шалтгаанаар зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай сурагчдын судалгааг нарийвчлан гаргаж, тасралтгүй сурах эрхийг хангах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  9. Сургуулийн гадна орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эцэг эхийн эргүүл, жижүүрийн хариуцлагыг өндөржүүлэх, орчин, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
  10. Сургуулийн автобусны үйлчилгээнд сурагчид бүрэн хамрагдаж байгаа эсэх, үйлчилгээний үеийн дэглэм хэрэгжиж байгаа эсэх, эцэг эхийн оролцоо, хяналт бүрэн хангагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллан 1-5 дугаар ангийн сурагчдыг заавал “Гараас гарт” зарчмаар эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч ажиллахад анхаарах;
  11. Хичээл сургалтын үйл ажиллагаа удаан хугацаанд завсарласны улмаас суралцагчдад гарч болзошгүй айдас, түгшүүр, эргэлзээг тайлах, тайвшруулахад чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагааг гэр бүлд түшиглэн зохион байгуулах хүрээнд холбогдох удирдамжийн дагуу ажиллах.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ГАЗАР, СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ НИЙГЭМЛЭГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version