Утасгүй технологи ашиглан интернэтэд холбогдох төхөөрөмж гардуулав
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /АНДЦХБ/ дэмжлэгээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Япон улсын KDDI сангаас хандивласан орон нутагт утасгүй технологи ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх тоног төхөөрөмжийг Монголын Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очирт гардуулан өглөө.
ХХМТГ нь Монголын Цахилгаан холбоо ХК-тай хамтран 2018 онд АНДЦХБ-д “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийн саналаа хүргүүлсэн бөгөөд уг төслийн санал нь санхүүжилтийн эрх авч, Японы KDDI сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэхүү төслөөр Архангай аймгийн төвд 3 чиглэлд /5,8 км/, Баянхонгор аймгийн төвд 4 чиглэлд /6,8км/ болон Налайхаас аялал жуулчлалын бүс болох Тэрэлжийн гүүр хүртэл 12,5 км, нийтдээ 25 км урт ОУЦХБ-ын L.110 стандартын шинэ технологоор үйлдвэрлэгдсэн шилэн кабелийг суурилуулах, турших, алсадлагдсан бүсийн 330 гаруй хэрэглэгчдэд холбоо харилцааны үйлчилгээг Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн интернет сүлжээгээр дамжуулан GPON технологи ашиглан хүргэх ажлыг хийсэн билээ.