“Питрам” системийн найдвартай ажиллагаанд 4G сүлжээний төхөөрөмж ашигланa
Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд Ил уурхайн 7, 9 дүгээр цамхагт GSM буюу 4G сүлжээний хоёр ширхэг төхөөрөмж суурилуулж байна.
Ингэснээр, уулын ажлын удирдлага, хяналтын “Питрам” системийн утасгүй сүлжээний сигналыг сайжруулж, найдвартай ажиллагааг хангах юм. Утасгүй сүлжээ ашиглах үед “Питрам” систем нь мэдээллээ алдах, сигнал уурхайг бүрэн гүйцэд бүрхэж хүрэлцэхгүйгээс зарим газарт мэдээлэл тасрах зэрэг хүндрэлүүд гардаг байсныг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас судалж эхэлжээ.
Үүний үр дүнд 4G сүлжээний технологи ашиглан, мэдээллийн хоцрогдлыг арилгах боломжтойг тогтоож, Мобиком корпорацийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэж байна.
Энэ төхөөрөмж суурилагдсанаар “Питрам” системийн мэдээлэл тасралтгүй, хугацаа алдахгүй дамжуулагдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн аюулгүй байдал сайжрахын зэрэгцээ сар бүр хоёр удаа цамхаг дээр сүлжээний тохируулга хийх шаардлагагүй болох аж. Уг ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Уул тээврийн технологийн автоматжуулалтын хэсэг хариуцаж байгаа бөгөөд 4G сүлжээний төхөөрөмжийг экскаваторт суурилуулан 2 сар орчим туршиж, үр дүнтэй болохыг баталгаажуулсан байна. Тиймээс дахин туршихгүйгээр шууд ашиглаад явах боломжтой, гэж Уул тээврийн технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Б.Ганбаатар ярилаа.
М.Балжинням
Фото Б.Баттөгс