Уул уурхайОнцлохШинэ мэдээ

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдлаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхай зөвлөгөөнд цех нэгжүүд үйл ажиллагааны үйл явцаас гадна үр дүн, идэвх  санаачилга, шинэчлэлтийн өгөөж ямар байгааг бодитой мэдээлж байх нь зүйтэйг онцолсон. Мөн 2020 онд Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлээр 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн нь урьд байгаагүй том төлөвлөлт, бүтээн байгуулалт болж байна. Иймд хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний биелэлтийг оны эхний 8 сарын байдлаар дүгнэж, хэлэлцэх, цаашид эрчимжүүлж, үр дүнг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

     Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зургаан том төсөл хөтөлбөрийн дөрөв нь буюу Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх,  Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл барих, Ус хангамжийн цехийн ус дамжуулах гуравдугаар шугам суурилуулах төслүүд хэрэгжиж, тодорхой хувийн биелэлттэй байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой орчин үеийн стандарт бүхий Химийн  төв лабораторийн шинэ барилга барих ажил удаашралтай байгааг онцолж, Чанарын хяналтын хэлтэс болон холбогдох цех нэгжийн удирдлагад энэ ажлыг шаргуу эхлүүлэхийг үүрэг болголоо. Мөн үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан Нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг эрчимтэй урагшлуулах даалгаврыг Хөгжлийн хэлтсийнхэнд өгөв.

      Энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын нэг том төсөл нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт бүтээн босгож буй Ногоон хөгжлийн төвийн байгууламж. Тус төвийн үйл ажиллагаа нь үйлдвэр, орон нутаг, улс болон олон улсын хэмжээнд ямар цар хүрээ, чиглэлтэй байхыг тодорхойлж, танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст хариуцуулав. Тус хэлтсээс цагаан тоос дарах ажил үргэлжилж, одоогийн байдлаар тоосны дэгдэлттэй нийт талбайн 92 хувийг технологийн аргаар дараад буйг мэдээлсэн. Энэ ажлын бодитой үр дүн ямар байгааг нэгтгэж, танилцуулахыг Баяжуулах үйлдвэр, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болгов. Цех нэгжийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногийн ажлын талаар мэдээлэл хийсний дараа Ерөнхий захирал нийгмийн цехүүдийн намар өвлийн  болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд онцгой анхаарч, хүлээгдэж буй засвар үйлчилгээг цаг хугацаанд нь дуусгах талаар Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч болон Нийгмийн харилцааны хэлтэс, нийгмийн цехүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Эрдэнэт үйлдвэр, онцгой дэглэм болон “Ковид-19” тархалтаас урьдчилан сэргийлэх гэсэн хоёр горимд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн ажил сайн байгааг онцолж, цаашид амжилтаа бататгахад ажилтан бүрийн идэвх санаачилга, чин сэтгэл, ёс зүй, сахилга хариуцлага хамгийн чухал гэдгийг дурдлаа. Түүнчлэн, ирэх 9 дүгээр сард залуу мэргэжилтнүүд болон удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаа, зорилтын тухайд хэлэлцэхээр төлөвлөж буйг мэдээллээ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version