Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “E-Mongolia”-г аравдугаар сард нээнэ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаан 11 цаг 10 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн хүрээндээ иргэдийг эрт илрүүлэгт цахимаар дуудаж хамруулдаг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх асуудлыг тусгах саналыг Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, үндсэн чиглэлийн төсөлд нийгмийн ардчиллын гурван тулгуурт зарчмыг оруулах, хэрэгжилтийн механизмийг нь тусгах саналуудаа багцалсан гэдгээ танилцуулав. Тэдгээрийг ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Улсын Их Хурлын гишүүн С.Мөнхцэцэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар тодрууллаа. Засгийн газрын түвшинд тодорхой бодлогуудыг тодорхойлоод, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тусгаад явж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хууль тогтоомжийг боловсруулж, батлах шаардлагатай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан.
Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв.
Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх мэдлийг хязгаарладаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна. Иймд ирэх 4 жилд цахим шилжилтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан.
Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгсөн.
Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням боловсролын салбарын цахим шилжилтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримт бичгүүдийн цахим хувилбарыг хүлээн зөвшөөрдөг байхтай холбоотой зохицуулалтыг хийх саналыг хэлж байв. Х.Ганхуяг гишүүн Улаанбаатар, Дархан зэрэг суурьшлын бүс орчимд “Цахиурын хөндий” шиг цахим чөлөөт бүс байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг төрөөс бодлогоор дэмжих, ажлын байрыг бий болгосон тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтуудыг хийх саналыг хэлж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх нь зүйтэй гэдэг санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “E Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн бол Ц.Сэргэлэн гишүүн кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээний ач холбогдлын талаар санал хэлэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.