ХАА-н салбарНийтлэлЭдийн засагОнцлохШинэ мэдээ

Махны экспортод төрийн дэмжлэг хэрэгтэй

Монгол орны эдийн засгийг сайжруулах зорилгоор нөхөн сэргэдэггүй, шавхагддаг баялаг болсон уул уурхайд хэт найдах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл бид үржин төлждөг, нөхөн сэргэдэг баялаг болсон таван хошуу малтай. Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, дотоодын эдийг засгийг сайжруулж үйлдвэрлэгчид, малчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Ялангуяа дэлхий нийтийг хямраасан цар тахлын аюулаас сэргийлэн хилээ хаагаад буй өнөө цагт мал аж ахуйн салбарыг өөрийн давуу талаа болгох боломжтой. Үүний тулд махны экспортыг дэмжсэн төр засгийн дэмжлэг, бодлого чухал байна.

Монгол орны бэлчээр улам доройтож, цөлжилт ихээр явагдаж байгаагийн үндсэн шалтгаан нь малын тоо толгойн хэт өсөлттэй шууд холбоотой гэдэг. Өнөөдөр манай улсын мал сүрэг 70 сая хол давсан. Хонин толгойд шилжүүлвэл 120 сая орчим малтай. Газар нутгийн 90 орчим хувийг эзэлж, хангай, хээр, цөлөрхөг хээр, говийн бэлчээр хосолсон 110.4 сая га бэлчээртэй хэдий ч бэлчээрийн даац гэдэг хэмжээ хязгаартай зүйл. 1961-1990 он хүртэл буюу төлөвлөгөөт эдийн засгийн жилүүдэд мал сүргийн тоо дунджаар 23.1 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 49.5 сая толгой байжээ. Энэ нь нөгөө талаар манай орны бэлчээрийн даац гэж болно.

Зах зээлийн эдийн засагт шилжиж, малыг хувьчилж өгснөөр тоо толгой нь эрс өсөж 2017 оны байдлаар л гэхэд 66.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.8 сая толгойд хүрсэн ч энэ нь бог малын өсөлттэй холбоотой. Бог малын өсөлтөд малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн хийдэг дотоодын үйлдвэрлэгчид цөөрч, малчид орлого олдох эх үүсвэр болсон ноолуурыг нь самнахын тулд ямааны тоо толгойг нэмэгдүүлж, мөн малын чанар, үр ашиг гэхээсээ илүүтэй тоогоор хөөцөлдөж, “Мянгат” малчидийг дэмжиж, алдаршуулдаг болсонтой холбоотой гэдэг. 

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийх чөлөөгүй ажилладаг малчдыг буруутгаж, тэдний хүч хөдөлмөрийг үгүйсгэхгүй. Харин зах зээлийн нийгмийн тогтолцоонд шилжсэнээр малчин, дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгч, гадаадын экспорт гэсэн нягт уялдаа холбоотой төрийн бодлого зохицуулалт суларсанаас энэ бүхэн үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд энэ бүхнийг зөв чиглүүлсэн бодлого шийдвэрүүд гарч, малын тоо толгойноос илүү чанарт анхаарч, дотоодын хэрэглэгчдийн төдийгүй гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага ямар байвал зохих, ямар байх вэ гэдэг талаар ярьдаг болсон байна.

Гадаадын улс орнууд руу мах экспортлохыг буруутгаж, Монголын хамаг малыг гадагш нь гаргах нь  гэж эсэргүүцдэг хүмүүс бий. Гэхдээ судлаачдын тооцооллоор Монгол хүний нэг жилийн  мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ 69.4 кг гэж гаргасан ч  жилийн дөрвөн улиралд тасралтгүй хэрэглэдэг болсноор нэг монгол хүн хоногт 240-270 гр мах, жилдээ 90 кг мах хэрэглэж байна гэж гарсан. Энэ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр хэрэглээнд тооцогдоно. Энэ утгаараа 3 сая хүн жилд хичнээн тооны малыг хүнсэндээ хэрэглэдэг болон өсөн төлжихдээ мал сүрэг хэдэн саяар нэмэгддэг тооцоо нь харагдана.

Гэтэл жилээс жилд мал сүрэг өсөн нэмэгдэх нь бидний монголчуудын оршин байхын үндэс болсон мал сүргийн идэх хоол хүнс болсон бэлчээрийг доройтуулж байна. Түүнчлэн байгаль цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх болсныг ч үгүйсгэх аргагүй.

Хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээ бол хоол хүнс. Тэр дундаа мах махан бүтээгдэхүүний хэрэглээ, хэрэгцээ мөнхөд байсан, байх ч болно. Тиймээс дотоодын хэрэглэгчиддээ тохируулсан үнийн бодлого, мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлт, чанар эрүүл ахуйн талаас нь шаардлагатай бүхнийг хийхэд төрийн бодлого зохицуулалт гол үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, төрийн худалдан авалт буюу цэцэрлэг, сургууль, цэрэг, цагдаа зэрэг төсвийн байгууллагууд заавал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсэндээ хэрэглэх ёстой гэсэн журам гаргаад өгөхөд махны үйлдвэрүүд сэргээд ирнэ.

Харин дотоодын хэрэглээнээс илүү гарч, бэлчээрийн даацыг нэмэгдүүлж байгаа малыг гадаадад экспортлохдоо төрийн бодлого зохицуулалт хийж, нэг гарцаар гаргахад л анхаарах хэрэгтэй. Мөн гадаадад мах экспортлогч нь зөвхөн монгол хүн байна гэж  тодорхой болговол дотоодын үйлдвэрлэгчид ажлын байртай, цалинтай орлоготой, улс орныхоо эдийн засагт чухал үүрэгтэй найдвартай татвар төлөгчид болох юм.

Нөгөө талаар түмэн зүйлийн өвс ургамлын шимтэйг идэж, “Монгол дархлаа”-г дэмжиж тэтгэж өгсөн мал сүргийнхээ хүчээр бид эрүүл саруул, аюулт өвчнөөс холуур байж чадаж  байгаа гэдэг утгаар дэлхий биднийг харж байна. Тиймээс энэ цаг үеийг давуу тал болгон махны экпортыг дэмжиж эдийн засгаа өсгөх нь төр засгийн хийх хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байх болов уу.

Нийтлэлийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version